Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг өнөөдөр НИТХ-ын ээлжит 21 дүгээр хуралдаанаар томилно. Нийслэлийн Засаг даргад хэд хэдэн хүний нэр яригдаж байгаа.
Өнөөдөр 11 цагаас хуралдах байсан ИТХ-н ээлжит хуралдаан одоогоор эхлээгүй байна. Учир нь Нийслэлийн МАН-ын бүлгээс ямар хүнийг томилохоо шийдээгүй. Энэ мөчид МАН-ын намын байранд хуралдаж Нийслэлийн Засаг даргад хэнийг томилохоо тохирч байна гэсэн мэдээлэл байна.
Уг хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, "Эрдэнэс Оюунтолгой"-н гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар, ОХУ-ын Эрхүү хотод Ерөнхий консулаар сууж буй А.Амарсанаа нар яригдаж буй гэнэ. Нэг хүнийг сонгосны дараа МАН-ын Удирдах зөвлөл, нийслэлийн ИТХ-ын МАН-ын бүлгээр баталснаар ИТХ-н ээлжит хуралдаанаар эцэслэн шийдвэрлэгдэнэ.
Гэсэн хэдий ч 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх зорилтууддаа хүрэхийн тулд Нийслэлийн удирдлагын одоогийн багт ажиллаж байгаа хүнийг илүүд үзэх нь зүйтэй гэсэн байр суурь давамгай байгаа гэнэ.