Монгол Улсын дөрвөн удаагийн аварга, ДАШТ-ий тавдугаар байрын шагналт “Moon dance” хамтлагийнхан ОУХМ цол хүртлээ. Тодруулбал, тус хамтлагийн гишүүдээс Спортын мастер 7, Олон улсын хэмжээний мастер цолыг 15 бүжигчин хүртсэн байна. Монголын бүжгийн спортын холбооноос энэхүү цолыг бүжгийн спортын ДАШТ-ний финалын шалгаруулалтад хоёр болон түүнээс дээш шалгарсан хамтлагт олгодог байна. Тус хамтлаг нь ийн Монгол Улсаас анхны Бүжгийн спортын ОУХМ цолтой болов.
“Moon dance” хамтлаг бүжигчид, менежерүүдээс бүрдсэн нийтдээ 20 гаруй гишүүнтэй. Удирдсан багш О.Саранхүү, дасгалжуулагч нь О.Оюунбат. Бүжгийн спортын тэмцээн нь хагас финал хүртэлх урьдчилсан даваа ба финал гэсэн хэд хэдэн үе шатаар үргэлжилдэг бөгөөд хамтлаг бүжигчид зургаан минутын турш бүжгийн хөдөлгөөний техникийг өндөр түвшинд гүйцэтгэдэг байна.
Бүжгийн спорт бол багийн спорт юм. Баг нь "формейшн" тэмцээнд оролцож буй 16 гишүүн, 8 хосоос бүрдсэн бүжигчид 13 хүртэлх тооны бүжгийн хэмнэл дээр бүжиглэдэг. Бүжгийн спортын тамирчид тэсвэр тэвчээр, хамт олноороо нэгэн бүхэл болж чин сэтгэлээсээ хамтарч ажиллаж амжилтад хүрдэг. Сонирхуулахад энэ жил уг хамтлагийн таван жилийн ой тохиож буй. Тус хамтлаг нь 2016 онд Герман улсад болсон бүжгийн спортын ДАШТ-д V байр, 2017 онд Австри улсад зохион байгуулсан ДАШТ-ий VI, 2018 онд БНХАУ-д болсон ДАШТ-ий VIII байр, Англи улсад болсон “BLACKPOOL-2018” ОУХТ-д II байрт шалгарч байсан юм.