Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн танхимд “Монгол төрийн айзам уртын дуу” хүндэтгэлийн ёслолд оролцсон уран бүтээлчдийн төлөөлөгчдөд баяр хүргэн, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх эрхэм үйлс, цаашдын уран бүтээлд нь амжилт хүсээд талархал гардууллаа.
Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 94 жилийн ойн баярын өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Монголын уртын дууны холбоо, Монгол Улсын Консерваторийн дуулаачийн факультетын Ж.Дорждагвын нэрэмжит танхим, Соёл урлагийн их сургуулийн Н.Норовбанзадын нэрэмжит танхимтай хамтран“ Монгол төрийн айзам уртын дуу” хүндэтгэлийн ёслол, тоглолтыг зохион байгуулсан юм.
Тоглолтын үеэр Төрийн хүндэтгэлийн уртын дуунуудыг 94 уртын дууч, 6 морин хуурч нийт 100 уран бүтээлч монгол түмэндээ толилуулав.
Тэгвэл олон жилийн судалгаа хийсний үндсэнд Төрийн хүндэтгэлийн гэх уртын дуунуудыг эмхэтгэн “Монгол төрийн айзам уртын дуу” ном хэвлүүлж, цаашид энэхүү номд бичигдсэн нот, үгийн дагуу Монгол төрийн айзам уртын дууг дуулж заншихаар боллоо.
“Юун түрүүнд Монгол төрөө хүндэтгэж, бидний өвөг дээдсийн олон мянган жилийн турш тээж ирсэн өв, энэ өвийг бидэнд авчирч өгсөн эрдэмтэн, оюутан, багш нартаа баярлаж байна. Монголын алдарт дуучин Магсархурцын Дугаржав Зууны манлай уртын дууч Жигзавын Дорждагва багшид янз бүрийн нийгмээс болж яруу найраг нь их өөрчлөгдсөн дуунуудыг, тухайлбал, “Эртний сайхан” хэмээх Эзэн Чингис хааны төрийн сүлд дууг социализмын үед дуулж байгаагүй. Тухайн үед “Залуу баатрын ялалтын түүх” хэмээн нэрийг өөрчилсөн. Харин аялгуу нь яг хэвээр олон алдарт уртын дуучдаар дамжин, өртөөлөн бидний үед ирсэн.
Энэ номд есөн айзам уртын дуу орсон. Төрийн холбоотой дуунууд агуу их оюун ухаан, өвөг дээдсийн нандин өв сан, яруу найраг, аялгуугаараа гүн хүндэтгэлийн эгшиглэнтэй бүтээлүүд байдаг. Тиймээс Төрийн ёслолын алба болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтраад төрийнхөө их хүндэтгэл, баяр цэнгэл, наадмын үеэр Монгол төрийн айзам уртын дууг эгшиглүүлж байхаар Төрийн ёслолын журамд оруулж, эхний ёслолоо Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 94 жилийн ойн баярын өдрөөр хийсэн юм. Энэ бол эхлэл. Цаашдаа уламжлал болгох зорилготой байгаа.
Бидэнд их хариуцлага, үүрэг оногдож байна. Цаашид номд орсон эдгээр дуунуудаа гурван хэлээр орчуулж, тайлбар бэлтгэнэ. Мөн дууныхаа утга, чанарыг тайлбарлаж, өнөөгийн өндөр чадвартай хүмүүсээр нотлуулж, Монгол туургатандаа эхний ээлжинд хүргэх зорилготой байгаа” гэлээ.
“Монгол төрийн айзам уртын дуу” номд багтаж буй есөн дууг судлахад маш их цаг орсон. Миний хувьд гэхэд 2005 оноос хойш судалж буй. Олон эрдэмтэн, мэргэд судалсаар ирсэн бүтээлүүд юм. Нүүдлийн соёл иргэншлийн хүрээлэн, СУИС-ийн уртын дууны багш нар болоод олон хүний судалгаа, хөдөлмөрийн үр шим юм.
Энэ номыг судалгааны хэрэглэгдэхүүн болгохоос гадна, Монгол уртын дууг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой болж байгаа юм” хэмээжээ.