Өнөөдөр Япон улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хоёр яллагдагчийг цаазаар авснаар энэ онд нийт 15 хүнд цаазын ялыг гүйцэтгээд байна. Энэ нь 2008 оноос хойш хамгийн их тоо юм.
Гэмт хэргийн бүлгийн гишүүн байсан 60 настай Кейзо Окамото, хөрөнгө оруулалтын зөвлөх байсан 67 настай Хироя Суэмори нарт дээрэм, хүн амины гэмт хэрэг үйлдсэнд яллаж 2004 онд цаазын ял оноогоод байжээ.
Тэд 1988 онд хөрөнгө оруулалтын компанийн ерөнхийлөгчөөс 100 сая иен буюу 900,000 ам.доллар хулгайлж, ерөнхийлөгч болон өөр нэг ажилтны амийг хөнөөсөн байна. Гэмт этгээдүүд хохирогчдын цогцосыг бетон зуурмагт хийсэн байжээ.
Япон улсын Шүүх яамны сайд Такаши Ямашита ялын тогтоолыг гүйцэтгэх тушаалд гарын үсэг зурахдаа “тэд хувиа хичээсэн шалтгаанаар гэмт хэрэг үйлдэхдээ амьдралынхаа үнэ цэнийг хулгайлсан” гэж мэдэгджээ.
Цаазын ялыг хоригдлууд болон тэдний гэр бүл, хуулийн төлөөлөгчдөд мэдэгдэлгүй нууцаар гэнэтийн байдлаар гүйцэтгэдэг байна. Ялын тогтоол гүйцэтгэхээс хэдхэн цагийн өмнө мэдэгддэг ажээ. Япон улсад ялын дээд хэмжээг дүүжилж гүйцэтгэсээр ирсэн байна.
Ерөнхий сайд Шинзо Абэ 2012 онд ажлаа хүлээж авснаас хойш 36 хоригдол цаазаар авчээ.
НҮБ 2007 онд цаазын ялыг өршөөх уриалга гаргаснаас хойш дэлхийн 170 гаруй оронд ялын дээд хэмжээ оноож амь насыг нь бүрэлгэхээс татгалзсан байна. Ардчилсан орнуудаас Япон, Америк хоёр улсад л цаазын ялыг гүйцэтгэж байна.
Эх сурвалж: www.cnn.com