Монгол Улсад хамгийн анхны хөгжмийн театр 1950 оны 12-р сарын 30-нд байгуулагдсан түүхтэй. Монголдоо төдийгүй Азид цорын ганц “Хөгжмийн сонгодог театр” бий болсон гэдэг. УДБЭТ-ын анх байгуулагдсан он, жилийг судалгаа шинжилгээний үдэслэлтэйгээр үнэн зөв тогтоох, баталгаажуулах зорилгоор тус театрын ерөнхий захирал Ц.Түвшинтөгс өнгөрсөн 4 сарын 30-нд “Монгол улсын дуурь бүжгийн эрдмийн театрын үүсэл хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал соёл урлагийн салбарын эрдэмтэн профессор, судлаач нартай хамтран зохион байгуулсан.
Эрдэм шинжилгээний хурлын хүрээнд “Монголын дуурь, бүжгийн театрын үүсэл хөгжлийн зарим асуудал” сэдвээр илтгэлүүдийг, судалгаа шинжилгээний үндэслэлтэй хамтран хэлэлцэж, анхны хөгжмийн театр 1950 оны 12-р сарын 30-нд ашиглалтанд орсноор Монголын анхны сонгодог дуурь болох Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дууриар нээлтээ хийж байжээ. Ийнхүү Монгол улсад хөгжмийн театр үүсэн байгуулагдсаны 68 жил, УДБЭТ-ын туурга тусгаарласаны 55 жилийн ой энэ жил тохиож байна.
УДБЭТ-ын хамт олон 12-р сарын 30-нд үе үеийн удирдлагууд, уран бүтээлчид, ажилтан албан хаагчдадаа хүндэтгэл үзүүлэн ойн арга хэмжээ зохион байгуулах юм. Ойн арга хэмжээнд зориулан Монголын үндэсний шилдэг дуурь “Учиртай гурван толгой” дуурийг гурван үеийн уран бүтээлчид хамтран тоглох гэнэ. Тус дуурийн Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаагийн дүрийг УДБЭТ-ын тайзнаа амилуулж ирсэн уран бүтээлчдийг нэг дор, нэгэн тайзан дээрээс үзэх боломжтой.
Тоглолтонд: УДБЭТ-ын үе үеийн шилдэг уран бүтээлчид болох АЖ А.Долгор, АЖ А.Дашпэлжээ, АЖ Ч.Мөнхшүр, МУГЖ Ц.Түвшинтөгс, МУГЖ Х.Үнэнхүү, МУГЖ Ж.Бүтэд, МУГЖ Л.Болд, МУГЖ Б.Цэцгээ, МУГЖ Д.Ганхуяг, МУГЖ Б.Жавзандулам, МУГЖ С.Мөнгөнцэцэг, МУГЖ Б.Эрдэнэтуяа, СТА Т. Баянбилэг, Ш. Наранчимэг, Э.Бумхүү, Б. Гомбо-очир, Г. Шижирболд, М.Даваадорж, Б.Алтанхуяг болон УДБЭТ-ын симфони найрал хөгжим, найрал дуучид болон балетын жүжигчид оролцож, удирдаачаар УДБЭТ-ын ерөнхий удирдаач, УГЗ Н.Туулайхүү ажиллана.