ОХУ лхагва гарагт дуунаас хурдан цөмийн пуужингийн системээ амжилттай туршлаа. Ерөнхийлөгч Владимир Путин шинээр хөгжүүлсэн хүчирхэг зэвсгээ АНУ-ын Батлан хамгаалах хүчний өмнө “мятрашгүй” хэмээн мэдэгджээ.
“Орос дэлхийд анх удаа шинэ төрлийн стратегийн зэвсэг туршиж бэлэн болголоо. Энэ нь ирээдүйн он жилүүдэд Оросын ард түмэн, газар нутгийн аюулгүй байдлыг хамгаална” гэж Путин төрийн мэдлийн “Тасс” агентлагт ярьжээ. Мөн тэрээр “энэ бол улс орондоо барьж буй шинэ жилийн гайхалтай бэлэг” гэсэн байна.
нэртэй дуунаас хурдан пуужинг Оросын баруун өмнөд нутгийн Домбаровский агаарын цэргийн баазаас туршжээ. Тив хооронд хүрэх хүчин чадалтай, цагт 18,000 км орчим хурдлах боломжтой.
Оросын Ерөнхийлөгч өнгөрсөн гуравдугаар сард шинэ зэвсгийнхээ талаар мэдэгдэж байсан ч АНУ төдийлөн ойшоолгүй өнгөрсөн. Харин энэ удаад “Америкийн пуужин илрүүлэгч хиймэл дагуулууд Авангард шиг зэвсгийг радараас илрүүлэх боломжгүй тул асар өндөр хурдтай системийг илрүүлэх шинэ төхөөрөмж хэрэгтэй” гэж Америкийн стратегийн бодлогын газрын генерал Жон Хайтен анхаарууллаа.
Америк, Хятад улсууд ч мөн дуунаас хурдан системтэй зэвсэг дээр ажилласаар байгаа. Өнгөрсөн гуравдугаар сард дуунаас хурдан нисэх онгоц “Старри Скай 2” хөлгийг амжилттай туршсан гэдгээ Бээжингийн зүгээс мэдэгдсэн.
Эх сурвалж: www.cnn.com