Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Шилдэг залуу ажилчинд шагнал олгох тухай” зарлиг гаргаж, 18 настай гагнуурчин Э.Уужимсэтгэлтэд "Шилдэг залуу ажилтан" шагнал гардууллаа. Э.Уужимсэтгэлт Монгол-Солонгосын хамтарсан политехникийн коллежийн оюутан. "Монгол ур чадвар 2018" гагнуурчдын тэмцээнд II байрт шалгарч, шилдэг гагнуурчин болсон юм.
Энэ жил анх удаа олгож буй Ерөнхийлөгчийн нэрэмжит “2018 оны Шилдэг залуу ажилтан” шагналыг 10 сая төгрөг дагалдах аж. Э.Уужимсэтгэлтэд олгосон энэхүү шагнал нь мэргэжлийн боловсрол, ур чадвар, ажлын бүтээмжээрээ онцгой амжилт гарган, залуу үеийг ажил хөдөлмөр, бүтээлч үйлдвэрлэлд уриаллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүнд шагнал гардуулсныхаа дараа “Өнөөдөр маш их ач холбогдолтой шагналыг анхлан гардууллаа. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн иргэдтэйгээ уулзах үеэр иргэд “залуучуудад ажил хангалттай олдох ч ажил хийх сонирхолгүй байна” гэсэн шүүмжлэлийг олон хэлж байсан. Үндэсний статистикийн хорооны судалгаагаар 2018 оны эхний байдлаар зөвхөн бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 25 мянга орчим байна. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь 25-34 насны залуучууд. Гэтэл Хөдөлмөрийн бирж дээр 35 мянган ажлын байрны зар гарсан байдаг юм байна. Ажил хийх хүслээ илэрхийлж бүртгүүлсэн ажилгүйчүүдийн тооноос ажлын байрны тоо даруй 10 мянгаар илүү байна. Энд гарч байгаа гол бэрхшээл нь мэргэжлийн ур чадвар, хөдөлмөрийн эв дүй юм. Ажил олгогчид мэргэжилтэй ажилтан олдохгүй байгааг байнга хэлдэг. Манай боловсролын тогтолцоо хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн бодлого, төлөвлөлтийг тооцоололгүйгээр жил бүр ажилгүйчүүдийн эгнээг өргөтгөсөөр байгааг өөрчлөх цаг болсон. Үүний тулд мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж байгаа нь үр өгөөжөө өгч байна. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд эрэлттэй мэргэжил эзэмшсэн хүн, дээд сургуулийг хамгийн түгээмэл мэргэжлээр төгссөн хүн хоёрын ажилд орох магадлал 99:1-ийн харьцаатай болжээ” хэмээн өгүүлсэн байна.