1960-1980 онд Монголын дууны урлагт од болон гялалзаж явсан Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ж.Шараагийн 80 насны ой энэ жил тохиож буй. Насан өндөр болсон ч тэрбээр уран бүтээлийнхээ урт замд нийтийн болон хүүхдийн 100 гаруй дуу, дан хөгжмийн 70 гаруй бүтээл, жүжиг, бүжгийн олон хөгжим зохиожээ.
Аялгуу дууныхаа ертөнцөд уран бүтээлээ туурвисаар яваа хөгжмийн зохиолч ажил хөдөлмөрийнхөө гарааг эхэлсэн, С.Гончигсумлаа багшийнхаа нэрэмжит Монгол Улсын Консерваторид өөрийн ”Уянга яруу дэлгэрхэн дэлхий” ном, "Эх орны уянга-I" CD-нийхээ нээлтийг энэ сарын 25-нд хийв.
Ном, CD-ний баярыг Улаанбаатар Их Сургуулийн захирал, Sc.D.профессор С.Байгалсайхан, Монгол Улсын Консерваторийн захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Пүрэвхүү нар нээж, соёлын гавьяат зүтгэлтэн, Sc.D. профессор Д.Цэдэв баяр хүргэж үг хэлсэн байна.
Тус үйл ажиллагааны нээлттэй холбогдуулан хөгжмийн зохиолч Жамбалын Шараагийн уран бүтээлээр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан байна. Хуралдааныг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, эрдэмтэн, зохиолч Гаадамбын хүү, доктор, профессор Билгүүдэй удирджээ.
1960-аад он: Нийтийн дууны шинэ соёл бүрэлдсэн нь: А.Мөнх-Оргил /УБИС, Рh.D. дэд профессор/
Дуулаачийн болон дан хөгжмийн бүтээлийн тухайд : Г.Төвшинтөр /СУИС/
Ж.Шараагийн 1960-1970-аад оны үеийн дууны уран бүтээлийн онцлог : С.Энхбулаг /МУК/ нар илтгэл тавьж хэлэлцүүлэв.