Азийн сангаас хэрэгжүүлж буй "Хог хаягдал ба уур амьсгалын өөрчлөлт" төслийн багийнхантай хамтран "Органик хаягдал"-ыг ашиглан бордоо хийх аргыг Нийслэлийн ЕБС-ийн гурван сургууль дээр амжилттай хэрэгжүүлэн эхний үр дүнгээ танилцууллаа.
Тус үйл ажиллагаагаар хүүхдүүд “Чийгийн улаан нь сайн амьтан. Хөрсөнд маш хэрэгтэй ажил хийдэг”, “Би эхлээд чийгийн улаанаас айдаг байсан, одоо найзууд болсон”, “Бордоо хийхдээ ус, чийгээ тохируулж чадахгүй алдсан ч бид суралцаж чадсан”, “Манай чийгийн улаан муригнаад, бүжиглэж байсан” гэх мэтчилэн ам өрсөн шуугилдаж, бие биетэйгээ танилцаж нэг өдрийг хөгжилтэй өнгөрөөжээ.
Хүнсний хог хаягдлаар бордоо хийх жижиг хэмжээний туршилтын төсөл ийн үр дүнтэй хэрэгжиж, гурван сургуулийн сурагчид нэг нэгнээсээ туршлага судлах нэгдсэн арга хэмжээ амжилттай болжээ. Нэг сарын хугацаанд хамгийн сайн бордоо хийж, сурагчидтайгаа сайн ажилласан 34-р сургуулийн Өлзийдэлгэр багш түрүүлэн 200,000 төгрөгийн ном худалдан авах эрхийн бичгээр шагнуулжээ.
Хог хаягдлаа эх үүсвэр дээр нь ангилан ялгах төслийн хүрээнд Шинэ Монгол сургуулийн 11 сурагч Азийн сангийн “Бордооны төсөл”-д хамрагдан нэг сарын хугацаанд бордоо хийх аргад суралцан сурсан мэдсэнээ тайлагнаж, сертификат болон ногоон карт гардан авав. Мөн “Шинэ Монгол” баг нь Аз Хур номын их дэлгүүрээс 100 мянган төгрөгийн ном авах эрхийн бичгээр шагнуулсан байна.