"Хоньчин Найдан", "Алтайн цаадах говьд", "Булшин дээр" зэрэг алдарт зохиолоороо олны танил зохиолч Дондогийн Цэвэгмидийн хүү, уран барималч Амгаланг мэдэхгүй хүн ховор биз.
Түүний 1979 онд хийсэн хийсэн бүтээлүүдээс Халх голын ялалтын 40 жилээр босгосон 15 метр өндөр, бетонон "Монголын хилчин дайчдын хөшөө", 1984 онд зөвлөлтийн барималчидтай хамтран бүтээсэн 55 метр өндөр "Ялалт" хэмээх зэс хөшөө, 1990 онд босгосон "Нууц товчооны 750 жилийн ойн гэрэлт хөшөө" онцгой ялгардаг.
Уран барималчийн гараар амилсан тэмдэглэлийн бяцхан дэвтрээ барьсан ч шүлгээ цээжээр уншиж буй яруу найрагч Б.Явуухулан, гүн бодолд дарагдсан эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэн, дэвж буй их аварга Б.Бат-Эрдэнэ, алсын бараа харж буй Дорж генерал, Ардын Их хурлын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу зэрэг олны танил алдар цуутай хүмүүсийн хөрөг боссон.
Тэрбээр 1985 онд Халх голын ялалтын "Ялалт" хөшөөгөөр төрийн шагнал хүртсэн билээ. Үзүүр рүүгээ нарийссан өндөр нарийхан дөрвөн талт баганын орой дээр таван хошуутай энэ хөшөө өвөрмөц сонин шийдэлтэй. Хөшөөг өндөр хийсэн нь Монголчуудын дархан хилээ өндрөөс өндөр, нөгөө талаас харийнханд монголын дархан хилийн босго өндөр гэсэн санааг илэрхийлсэн гэж үздэг.
Тэгвэл тун удахгүй Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд босгох "Аман хуур" киноны Дарь авгай, Соном өвгөн хоёрын дүрд жүжиглэсэн МУГЖ М. Бадамгарав, СТА Т.Цэрэнлхүндэв нарын дурсгалын хөшөөний эх загварыг гарган Төрийн шагналт, уран барималчин Цэвэгмидийн Амгалан урлан бүтээж байна.