Жил бүрийн 12 дугаар сарын 31-нд нийслэлийн иргэдийн төлөөлөл төв талбайдаа цуглаж он гаргадаг билээ. Цугласан ард иргэдэд зориулж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Соёл, урлагийн газраас шоу тоглолтыг зохион байгуулж, Нийслэлийн удирдлагууд иргэдтэйгээ хамтдаа хуучин оноо үдэж, шинэ оноо угтан авдаг.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Улаанбаатарын мөнгөн шөнө” шоу тоглолт энэ жил Д.Сүхбаатарын талбайд 12 дугаар сарын 31-ний 22:00 цагаас эхэлж 01:00 цаг хүртэл үргэлжилнэ. Мөн нийслэлийн 9 дүүрэг тус бүр өөрсдийн нутаг дэвсгэртээ иргэдэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ.
Тодруулбал, нийслэлийн Багануур дүүргийн хувьд “Хүслийн шинэ жил” харшийн наадам зохион байгуулах, дүүргийн иргэдэд зориулсан шинэ жилийн үйл ажиллагааг зохион байгуулна.
Баянгол дүүрэгт 2018 оны “Шилдэг байгууллага”, “Шилдэг ажилтан” шалгаруулах “Алтан Жанрайсиг” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, 100-н өвлийн өвгөний парад болно.
Баянзүрх дүүрэг амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн 1000 хүүхдийн нэгдсэн шинэ жилийн баярыг зохион байгуулах, дүүргийн 28 хороонд шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулж зорилтот бүлгийн хүүхдүүдэд бэлэг гардуулна.
Багахангай дүүрэг хүүхдийн “Шинэ жилийн баяр”-ын үйл ажиллагааг зохион байгуулах бол Чингэлтэй дүүрэг “Мөсөн хотхон” байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачууд, асрамжийн төвүүдийн хүүхэд, багачуудад бэлэг гардуулна.
Хан-уул дүүрэг Соёлын ордны дугуйланд хамрагддаг сурагчид, ЕБС-ийн сурагчдад шинэ жилийн баярыг тохиолдуулан УДЭТ-ын тоглолт үзүүлэх, дүүргийн зорилтот бүлгийн 1600 хүүхдэд Харшийн сүлд модны наадам зохион байгуулна.
Налайх дүүрэг төв талбайдаа мөсөн баримлууд байрлуулах, чимэглэл хийх, Сүхбаатар дүүрэг 5 номинацаар дүүргийн 2018 оны шилдэг хүүхэд шалгаруулах, 8 номинацаар “Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага” шалгаруулах, тусгай сургалттай 29,116,186-р сургуулийн харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг гардуулах үйл ажиллагаа зэрэг олон ажлуудыг тус тус зохион байгуулан ажиллах юм байна.