Их Британийн хунтайж, Эдинбургийн гүн Филип өдгөө 97 насыг туулж яваа бөгөөд хатан хаан хоёрдугаар Элизабетийн гэр бүлийн хүн билээ. Энэ жилийн зул сарын баярыг тохиолдуулсан сүмийн арга хэмжээнд Эдинбургийн гүн Филип оролцоогүй нь хэвлэлийнхний анхааралд өртжээ.
Хатан хааны хэвлэлийн төлөөлөгчийн газраас “Гүнгийн эрүүл мэнд сайн байгаа, гүн зул сарын баярыг хувиараа өнгөрөөж байна” гэж мэдэгдсэн байна. Британийн түүхэнд хамгийн удаан хаан ширээнд суусан хатан хаан Элизабеттэй 1947 онд гэр бүл болж байсан хунтайж Филип өнгөрсөн жилээс хойш олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Тэрээр энэ оны эхэнд хүнд хагалгаанд орж амжилттай эдгээд байгаа.
Хатан хааны гэр бүл жил бүрийн зул сарын баяраар Сандринхэм дахь Ариун Мэри Магдалень сүмийн арга хэмжээнд оролцдог. Энэ жилийн сүмийн арга хэмжээнд хатан хаан хоёрдугаар Элизабет, Уэльсийн хунтайж Чарлез гэргий Камиллагийн хамт, хунтайж Уильям, Харри нар гэр бүлийн хамт Ариун Мэри Магдалений сүмд ирсэн байна.
Хунтайж Харритай сүр дуулиантай хурим хийж Британийн хааны гэр бүлд орж ирсэн Америк жүжигчин бүсгүй бие давхар Меган Мэркл сүмийн ёслолд анх удаа оролцож байгаа юм.
Энэ жил хатан хаан Элизабет зул сарын баярын мэндчилгээндээ урьд урьдынхаас илүү эв нэгдэлтэй, энх тайван байхыг ард түмэндээ хандан уриалсан билээ. Хатан хааны гэр бүлийн нөхөрсөг үйл явдал, хунтайж Харригийн хуримын талаар зул сарын баярын мэндчилгээндээ дурдсан ч өнгөрч буй 2018 онд олны анхааралд өртсөн улс төрийн холбогдолтой чухал үйл явдлуудын талаар дурдаагүй юм.
Эх сурвалж: www.reuters.com