СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2018-12-26

Хамтран амьдрагч

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Батцэцэг
6 жилийн өмнө

 

 

. Энэ сарын 15-нд Интер ном номын дэлгүүрт нээлтээ хийсэн цагаас

 

 

. Дээр өгүүлсэн бүтээл мөн л түүний сэтгэл зүрхнээс урссан аялгуу юм. Хэвлэл мэдээллийн салбарт хос морьтой урагшилж буй найрагч бүсгүйн бүтээлүүдээс .

 

 

 Уншигч та бүхэнд түүний бүтээлүүдээс сонирхуулан “Хамтран амьдрагч” өгүүллэгийг хүргэж байна.

  

ХАМТРАН АМЬДРАГЧ

 


Онгоц доошлох тусам Балтын зүрх цээжээ дэлсэн савлаж, гар нь чичирч, яарч байгаагаа мэдэрлээ. Зургаан жил ирээгүй эх орон, зургаан жил санаж зүүдэлсэн эцэг эх, гэр бүл, найз нөхөдтэйгээ уулзах гэдэг ийм амархан байсан юм уу? Холын холд байсан тэр бүхэнд хүрэхийн тулд хоёрхон цаг л хэрэгтэй байсан юм гэж үү? гэж бодоод тэр инээмсэглэв. Зургаан жилийн өмнө түүний энгэрт зүүгдээд, аавтайгаа хамт явна гэж уйлж байсан жаахан охин нь одоо 10 нас хүрчихсэн байгаа гэж бодохоор итгэмээргүй ч юм шиг. Хэдийгээр яарч догдолж байсан ч гэсэн Балт эхнэрийнхээ нүүрийг яаж харна даа гэсэн битүүхэн айдаст автаж бас Солонгоотой уулзана гэж бодохоор түүний айдас хэсэгхэн зуурч гэсэн дарагдаж байлаа.
Балт газар үзэж, нүд тайлах, бас амьдрал ахуйгаа дээшлүүлэх санаатай, ганц өрөө байраа зарж, Солонгосыг зорьсон тэр цагаас хойш зургаан жил өнгөрчихөж. Амьсгалахын аргагүй халуун хүлэмжинд ажиллаж, ухаан балартан унаж, гэрээ санаад нойргүй хонодог байсан тэр үеийг бодоход Балт бараг л Солонгос хүн болж хувирсан байлаа. Эхний үед эхнэр хүүхдээ, нутгаа санаад шаналж ганцаарддаг байсан. Харин тэнд очоод жил хагасын дараа Монголоос очсон Солонгоо хэмээх даруухан бор охинтой танилцаж, хамтран амьдарч эхэлж. Байр хоолынхоо мөнгийг Балт гаргачихна. Харин Солонгоо яг л гэрийн эзэгтэйн үүрэг гүйцэтгэнэ. Хувцас хунарыг нь янзалж, хоол унд бэлтгэнэ. Ажил хийж олсон мөнгөө Солонгоо ээж рүүгээ, Балт эхнэр лүүгээ явуулдгийг эс тооцвол тэр хоёр яг л авгай нөхөр хоёр шиг бараг дөрвөн жил сайхан амьдарч. Солонгоо ааш аяг зөөлхөн, эрх, бас ялдамхан. Залуу хүн гэхэд юмны учир эвтэйхэн олчихдог байлаа. Тэр хоёр эхний үед “Нутагтаа очоод ганц ч удаа уулзахгүй. Амьдралаа хөөнө” гэж ярьдаг байсан ч сүүлдээ энэ тухай бодохоос ч айдаг болчихсон байв. Хэдийгээр түүнийг эхнэр хүүхэд нь хүлээж байгаа гэж бодовч “Энд байгаа Монголчууд бүгдээрээ л хамтран амьдарагчтай байгаа юм чинь яадгийм” гэж бодно. Заримдаа хүний газар ганцаардаж, зовж явах үедээ учирсан юм шүү гэж Балт өөрийгөө цагаатгадаг байлаа. Балт сүүлдээ гэр лүүгээ ч яарахаа байснаа өөрөө ч сайн анзаарсангүй. Сар бүрийн сүүлээр авсан цалингаа яг гурав хуваана. Нэгийг нь Солонгоод, нөгөөг нь эхнэр лүүгээ шилжүүлнэ, үлдсэнийг нь халаасалдаг байлаа.

Одоогоос зургаан сарын өмнө Солонгоо үйлдвэр дээр ажиллаж байгаад баригдаж, Монгол руу ачигдлаа. Энэ явдал Балтад хүнд тусч, эзгүйрч хоосорсон жижигхэн түрээсийн байрандаа ганцаардаж суухдаа тэр эхнэрээсээ илүүтэйгээр Солонгоог санаж байгаагаа мэдэрч байлаа. Хамт ажилладаг Монголчууд Балтыг шоолж “ Хүүхэн мундсан биш, дахиад л шинэ хамтрагч олоод авна биз. Тэртээ тэргүй эр хүний нөмөр нөөлөг бараадахыг хүссэн, ядаж л байр хоолныхоо мөнгийг төлүүлээд, шөнө нь өврөө дулаацуулах хүн хайсан хүүхнүүд өдөрт хэдэн арваараа л ирж байна” хэмээн ярьцгаана. Зарим нь бүр “Хамтран амьдрагч хүүхэндээ сэтгэл алддаг чам шиг тэнэг байдаггүй юм” гэж зэмлэж байлаа. Гэвч одоогоос 10 хоногийн өмнө Балт Солонгоотой утсаар ярьж “Ямар ч байсан очино. Түүний паспортыг янзлуулж, хамтдаа Солонгосруу буцаж ирнэ. Хэрвээ Солонгоогийн виз бүтэхгүй бол Монголд ч гэсэн хамтдаа байна” гэж ярилцаж тохирсон байлаа. Утасны цаана мэгшин уйлах Солонгоогийн дуу түүнийг өөрийн эрхгүй нутаг руугаа буцахад хүргэсэн хэрэг. 

 


Онгоц газардлаа. Ээж нь, эхнэр, охин нь түүнийг тосч байлаа. Төө хүрэхгүй шар сэвлэг нь салхины аясаар намирдаг байсан жижигхэн охин нь жигтэйхэн том болчихож. Аавыгаа хүзүүдэж авснаа нүүр рүү нь харж чадахгүй мэгшин уйлж байлаа. Баярын нулимс нүдэндээ мэлтэлзүүлсэн эхнэрээ тэвэрч үнсэв. Олон жилийн өмнөх тэр танил дотно үнэр, мартагдаж хуучирсан бүхнийг сэргээж байх шиг нэг л сайхан.
Үнэхээр гэртээ ирэх ийм сайхан байдаг гэдгийг тэр ухаараагүй байж. Эхний хэд хоног гэрээсээ ч гарсангүй. Охинтойгоо тоглож, эхнэрийнхээ гарын хоолыг идэж, ээжээрээ борцтой цай чануулж, үнэхээр сэтгэл амар байлаа. Эхнэр нь түүний явуулсан мөнгийг цуглуулаад хоёр өрөө хөөрхөн тохилог байр, бас машин аваад тавьчихаж. “Чамайгаа хүний газар яаж зовж байгаа бол гэж өдөр бүр санаа зовдог байлаа” хэмээн ярихад Балт хэлэх үггүй гацчихна. Энэ маань намайг тэнд жаахан охинтой хамт амьдарч, түүнд сэтгэл алдарчихаад буцаж ирснийг мэдэж байгаа болов уу? гэж бодохоор царай нь улайдаг байлаа.
Гэвч Балт Солонгоотой уулзлаа. Нутагтаа ирээд улам ч хөөрхөн болчихсон юм шиг санагдаж байсан ч, сэтгэл нь татагдаад, зүрхнийх нь тэндээс нэг утас гогдчихоод салахгүй байгаа юм шиг санагдаж байсан ч байсан ч урьдынх шигээ дотно байж чадсангүй. Гэхдээ л хамт явна гэснээрээ Солонгоогийн бичиг баримтыг багагүй мөнгө өгч байж янзлуулж, бас өндөр үнээр виз даруулчихав. Нэг сарын хугацаа гэдэг харавсан сум шиг л өнгөрч. Эхнэр нь түүнийг буцаж явахад дургүй байсан ч яаж ч чадсангүй. Идэж уух юм, хувцас хунар бэлтгэж, аль болох сайхан хоол идүүлчих гэж хэр чадлаараа хичээж байгааг хараад суух Балтад үнэндээ хэцүү байв. Гэхдээ хэцүү байлаа гээд яах ч юм билээ. Солонгоо түүнийг хүлээж байгаа гэсэн бодол бас тарчилгана.
“Маргааш өглөө эрт нисэх явна. Эртхэн амарцгаая” хэмээн эхнэр нь хэлсэн хэрнээ унтаж чадахгүй орондоо хөрвөөж, тэгснээ нэг их санаа алдав. “Би чамайг жаахан охинтой хамт амьдарч байсныг мэднээ” гээд чимээгүй болчихлоо. Балт сандарсандаа “Чи чинь юугаа яриад байгаа юм. Хүн хол явах гэж байхад бөгс бөөрний хэрүүл хийх нь үү” хэмээн бараг л хашгирав. “Танай найз Сүхээгээс сонссон юм. Өнгөрсөн жил чи тэр Сүхээгээр охиндоо хувцас явуулаа биз дээ. Тэр залуу чамайг өөрөөсөө олон дүү охинтой дөрвөн жил хамт амьдарч байгааг хэлсэн” гэснээ чимээгүй болчихов. Монголд ирснээсээ хойш өөрөөсөө хүртэл нуух гэж ядаж байсан энэ үнэнийг эхнэрийнхээ амнаас ийм тулгуу сонсоно гэж Балт үнэндээ бодсонгүй. Хэлэх ч үггүй гацчихлаа.

 

 

Эхнэр нь “Чи охин бид хоёр дээр ирээгүй шүү дээ. Тэр охиноо татаж авах гэж л ирээ биз дээ” хэмээн мэгшин уйлж, түүний халуун нулимс энгэр лүү нь борооны дусал шиг л шивэрч байлаа. “Сүхээгээс анх удаа сонсоод чамд гомдсондоо хэдэн өдөр уйлсан. Харин дараа нь хүний нутагт ядаж халуун хоолтой яваг дээ” гэж бодоод тайвширсан. Тэртээ тэргүй би тэнд очоод чиний өврийг дулаацуулж, хоолыг чинь бэлдэж, хувцсыг чинь угааж өгч чадахгүй ш дээ” хэмээн мэгшин уйлна. Балт яахаа ч мэдэхээ байв. Чимээгүйхэн босч тамхиа авах санаатай хажуу талын өрөөнд орвол охин нь жаргалтай нь аргагүй нүүрэндээ инээмсэглэл тодруулан унтаж байлаа. Тэр шөнө Балт ч, эхнэр нь ч унтаж чадсангүй.
Эхнэр нь өглөө эртлэн босч, бүлцийтэл хавдсан нүдээ хүнээс нуух гэж оролдож, Балтын ачаа барааг баглаж, машин руу зөөж гүйхийг хараад тэр өөрийгөө л зүхэж байлаа. Эхнэр нь түүнийг хамтран амьдрагч руу нь хүргэж өгөхөөр машинд суухдаа үнсэн саарал царайтай болсон байхыг харав. Өнгөрсөн шөнөжин энгэрийг нь норгосон эхнэрийнх нь халуун нулимс харин яг одоо Балтын хоолойд тээглэсэн юм шиг л санагдаад болдоггүй. 
Машин Буянт-Ухаа руу ойртох тусам дааж давшгүй хүнд чулуу өргөж байгаа юм шиг амьсгаа нь түргэсэж, “Хэрвээ одоо л би буцаж явах юм бол хэзээ ч эргэж ирэхгүй. Хэзээ ч эхнэр, охин хоёроо харж чадахгүй” гэж амандаа шивнэж байлаа. Солонгоог очиход тосоод авах хүн олон байгаа. Харин энэ хоёрыг минь хэн тосч авах юм бол? гэж хүртэл бодов. Нисэхийн Цагаан хаалга түүнийг огт өөр амьдрал руу дахин түлхэх гэж байх шиг санагдана. Нэг л мэдэхэд Балт “Жолоочоо зогсоорой. Буцаад явцгаая” хэмээн хашгирав. Эхнэр нь, бас ах нь түүний өөдөөс гайхан харж байлаа. Аяны жижиг цүнхээ ухаж “Би тийзээ мартчихаж” хэмээн худлаа хэлэхдээ Балт хүний өөдөөс эгцэлж харж чадахгүй байв.
Баянзүрх хайрханы өвөрт шаргал туяа эрхэлж, шинэ өглөөний нар инээмсэглэх адил өнгөтэйгээр гялалзан мандаж байлаа.

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.