ШУУД: Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Нарийн бичгийн дарга О.Магнай нар Булган аймгийн Ардчилсан намын гишүүн, Бугат сумын ИТХ-ын төлөөлөгч Б бусдын гарт амиа алдсан талаар мэдээлэл хийж байна.
Иргэний “Амьд явах эрх”-энд эрх баригч МАН-ын гишүүд халдаж, амь нас эрүүл мэндээр нь хохироосон хэрэг удаа дараа гарах боллоо. Төрд хариуцлагатай ажил хашиж байсан хүмүүс хамтран зүтгэгчдийнхээ гарт амиа алдах асуудал хэрээс хэтэрч, гэмт хэргийн нөхцөл байдал улам хүндэрч эхэллээ.
Тухайлбал, энэ оны арванхоёрдугаар сарын 18, 19-нд шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын Хужирт багийн иргэн, Булган аймгийн Ардчилсан намын хорооны гишүүн, сумын ИТХ-ын төлөөлөгч Б-г гэртээ амарч байхад тус аймгийн МАН-ын хорооны гишүүн О, Д нарын зургаан хүн амь насанд нь ноцтойгоор халдаж хөнөөгөөд зогсохгүй, эхнэрийг нь хүнд гэмтээж, сэтгэл санааны гүн цочролд оруулсан онц ноцтой хэрэг гарлаа. Энэ бүхэн зургаан настай хүүхдийн нүдэн дээр болсон гэх сэтгэл эмзэглүүлэм мэдээлэл байна.
Төрийн эрх барьж буй намын гишүүд ийн адал балмад гэмт хэрэг удаа дараа үйлдэж байгаад Ардчилсан намын гишүүд, дэмжигчид төдийгүй Монголын ард түмэн эмзэглэж, эрс эсэргүүцэл илэрхийлж байна хэмээн Ардчилсан намаас мэдэгдэл гаргасан юм.
Харамсалтай нь манай намаас маш сайн иргэдийг төлөөлж ажилладаг хоёр удаа Иргэдийн төлөөлөгчид сонгогдож байсан сонгуульт албан тушаалтан маань бусдын гарт маш балмадаар амиа алдлаа. Эрх барьж байгаа намын нөхдүүд дээрх хэргийг хийсэн гэдгийг хэлж байна. Хуулийн дагуу энэ хэргийг шалган эцэслэн тогтоогдох хүртэл хэн нэгнийг гэмт буруутай гэж үзэхгүй.