Зүүн Өмнөд Азийн орнууд каннабисын төрлийн ургамал, марихуаны хэрэглээг хатуу хориглож, хууль зөрчсөн тохиолдолд хүнд ял оноодог. Тэр дундаа аялал жуулчлалын төв болсон Тайланд улсад марихуаны хэрэглээг хатуу хорьдог.
Бангкокын эрх баригчид мариуханы хэрэглээг хуулиараа хүлээн зөвшөөрөх эсэх талаар санал хураалаа. Парламентын санал хураалтын дүнд тайландууд марихуаныг зөвхөн эмийн зориулалтаар ашиглахыг зөвшөөрч, бусад хэрэглээг хязгаарласан байна.
1930 он хүртэл Тайландын оршин суугчид марихуаныг уламжлалт анагаах ухааны салбарт өргөн ашиглаж байсан. Үүнээс хойш анагаах ухааны зориулалтаар төдийгүй бусад хэрэглээг хатуу хорьжээ.
Тайланд улс марихуаныг эмийн зориулалтаар хуулийн дагуу ашиглахыг зөвшөөрсөн зүүн өмнөд Азийн цорын ганц орон боллоо. Ингэснээр 1979 онд баталсан Наркотикийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах юм.
“Энэ бол эрх баригчдын ард түмэндээ барьсан зул сарын бэлэг” гэж Парламентын гишүүн Сомчай Саванкарн ярьжээ.
Дэлхийн улс орнуудаас Канад, Уругвай улсууд марихуаныг эмийн болон бусад зориулалтаар хэрэглэхийг хуульчлан зөвшөөрсөн байдаг.
Хэдийгээр Тайландад санал хураалт явагдсан ч Азийн бусад орнууд марихуаны хэрэглээнд хатуу чанга хориг тавьсан хэвээр байна. Энэ оны эхэнд Малайзад каннабисын тос худалдсан иргэн цаазаар авах ял сонссон бол Индонезид каннабисын тосыг эрүүл мэндийн шугамаар хэрэглэж байгаад баригдсан Британийн иргэн 15 жилийн хорих ял сонссон.
Эх сурвалж: www.cnn.com