Монголын Үндэсний Бөхийн Холбоог булаацалдсан бөхчүүдийн хоорондын хэрүүл маргаан зодоондоо хүрч өргөөнийхөө хаалга үүдийг эвдсэнээр эцэстээ шүүхэд шилжсэн ч нэг мөр шийдэгдээгүй. Урлаг соёлынхны дуу хуур, спортынхны тэмцээн, олны хөл хөдөлгөөн тасардаггүй энэ өргөө өнгөрсөн гурван сарын турш эл хуль, эзэнгүй мэт байв.
Бөхийн өргөөг зорих хүн байтугай зогсоод харах хүн ч ховор болсон нь худлаа биш. Уг нь монгол бөхөө дээдэлж, уран сайхан барилдааныг нь харж сэтгэлээ сэргээн баясгадаг түмний хүндлэл байсан Өргөө шүү дээ. Харин одоо шуналын сэтгэл шингэсэн, нүдний хор орсон хэрүүл, элдэв хэл амны бай болсон “байшингаас” ялгаагүй болсон мэт. Энэ өргөөг өргөө шиг байлгадаг 30 гаруй ажилтан цалингүй сууж, ажилгүйчүүдийн эгнээнд шилжлээ.
Бөхчүүдийн нэг хэсэг нь МҮБХ-ны тэргүүн, Монгол Улсын дархан аварга Б.Бат-Эрдэнийн, нөгөө хэсэг нь Монгол Улсын Далай Даян Дархан аварга Х.Баянмөнхийн байр суурийг дагаж байгаа. Хоёр тал энэ сарын 21-нд уулзаж ярилцсанаар бөхчүүдийн талцалд цэг тавьсан, мөдхөн “Бөхийн Өргөө”-г нээнэ хэмээх мэдээлэл олны чих дэлсэв. Юутай ч энэ мэдээлэл “Монгол Бөхийн Өргөөг яах гээд, юу л болгох гээд байна даа” гэж гайхаж, чих тавьж суусан түмний сэтгэлийг жаахан ч гэсэн тайвшруулав. Энэ тухай Үндэсний бөхийн холбооноос лавлаж тодруулсан хүмүүст “Хоёр тал ярилцаад зөвлөл байгуулсан. Шинэ оны эхээр шийдвэр гарчих болов уу. Бөхийн өргөөг нээх талаар дорвитой шийдвэр гаргуулахаар ажиллаж байна” хэмээн хариулт өгчээ.
“Монгол бөхийн өргөө”-ний үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг Нийслэлийн прокурор түдгэлзүүлсэн тул асуудал санаснаар амархан шийдэгдэхгүй нь. Бөхчүүдийн дунд өрнөж буй яриагаар бол шинээр байгуулагдсан зөвлөл нь сар шинийн барилдааны өмнө Монгол бөхийн өргөөг нээлгэх гэнэ. Юутай ч хоёр тал эвлэрснээр шүүх, хуулийн байгууллага ч энэ талыг харсан шийдвэр гаргах байх гэж найдаж буйгаа илэрхийлжээ. Хойшид Монгол бөхийн өргөөг нээлттэй байлгах, хүч түрэмгий балмад зан гаргаж хаалга үүдийг нь хэмхлэн эвддэг болчимгүй явдлыг зогсоох, тэргүүнээ, ерөнхийлөгчөө сонгох зөвшөөрлийг олж авах зэрэг асуудлыг нэг мөр болгоно гэж тогтжээ.
Мөн талцаж хуваагдан үймээн самуун гаргахгүй байх талаар гарын үсэг бүхий батламж бичиг Цагдаагийн байгууллагад гаргаж өгөхөөр болсон байна. Тиймээс удтал маргаантай байсан МҮБХ болоод Монгол бөхийн өргөө тойрсон маргаан одоо л нэг мөр болох нь. Маргааш 10.00 цагаас Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар энэ талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийж олны сонорт хүргэхээр боллоо.