АНУ-ын Засгийн газар Хятадын талыг технологи, аюулгүй байдлын мэдээлэл хулгайлсаар байдагт буруутгасаар ирсэн. Америкийн сөрөг тагнуулын албанаас Хятадад аялж, зорчиж, амьдарч байгаа иргэдийг цахилгаан болон технологийн дэвшил бүхий хэрэгсэл ашиглахдаа болгоомжтой байхыг анхааруулжээ.
Таны хэрэглэж буй гар утас, таблет, комьпютер зэргээр дамжиж Хятадын Засгийн газар тагнан мөрдөх үйл ажиллагаа явуулдаг гэж Америкийн сөрөг тагнуулын газар үзсэн байна. Үндэсний сөрөг тагнуул, Аюулгүйн төвийн дарга Билл Эванина энэ талаар “CBS” мэдээллийн агентлагийн “60 минут” нэвтрүүлэгт хөтлөгч Андерсон Күпертэй ярьжээ.
Хятадад бизнес эрхэлдэг Америк компаниуд маш том эрсдэл хүлээж байна. Хятадын тагнуулууд таны бизнесийн гэрээ хэлэлцээр, санал санаачилгыг урьдчилан мэдэх боломжтой
Андерсан Күпер: Хэрвээ та ямар нэг компанийн гүйцэтгэх захирал байсан бол Хятадад гар утсаа авч явах байсан уу?
Билл Эванина: Яг үнэндээ бол үгүй. Би ямар нэг цахилгаан хэрэгслээ Хятад руу авч явахгүй. Миний эзэмшдэг комьпютер, гар утсан дээр хувийн болоод компанийн мэдээлэл хадгалагдаж байгаа. Хятадад бизнес эрхэлдэг Америк компаниуд маш том эрсдэл хүлээж байна. Хятадын тагнуулууд таны бизнесийн гэрээ хэлэлцээр, санал санаачилгыг урьдчилан мэдэх боломжтой.
Үндэсний сөрөг тагнуул, Аюулгүйн төвийн дарга Билл Эванинагийн тайлбарласнаар АНУ-д үйл ажиллагаа явуулдаг интернэтийн компаниуд бүгд бие даасан, Засгийн газраас хараат бус байдаг. Харин Хятадын интернэт үйлчилгээг эрх баригчид хянаж удирддаг. Тиймээс таны интернэтийн мэдээлэл шууд эрх баригчдад хүрч байна гэсэн үг юм.
Мөн та цахим хуудсаа нээж ердөө нэг линк рүү орох, эсвэл мэдээллийн самбараа шалгах төдийд л хакерчид таны программ хангамж руу нэвтрэх боломжтой болдог байна.
Хамгийн гол нь Хятадын газар нутагт байгаа үед л ийнхүү тагнах боломжтой. Харин АНУ зэрэг дэлхийн өөр улсуудаас таны мэдээллийг зөвшөөрөлгүй хулгайлах боломжгүй ажээ. Тиймээс Хятадын компаниудын эзэмшдэг зочид буудал ч мөн аюултай бүс болж байна. Магадгүй зочид буудлын интернэт орчинг Бээжингээс хянадаг байж болох талтай. Учир нь зочид буудлын эзэд интернэт орчноо дурын компаниас хангах эрхтэй байна.
Эх сурвалж: www.cbsnews.com