Пакистан улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Наваз Шариф болон түүний охин Марьяам нарыг авилгын гэмт хэрэгт буруутгаж энэ оны долдугаар сард баривчлан саатуулсан. Есдүгээр сард экс Ерөнхий сайдыг охины хамт тус бүр 5,000 ам.долларын батлан даалтанд суллаад байсан юм.
Тэгвэл зул сарын баярын өмнөх өдөр буюу даваа гарагт Наваз Шарифын шүүх хурал болж дахин баривчлан саатууллаа. Экс Ерөнхий сайдад долоон жилийн хорих ял оноож, 25 сая ам.долларын торгууль оноожээ.
Шарифын гэр бүл “Аль-Азизиа” гангийн үйлдвэрийг худалдаж авсантай холбогдуулан хөрөнгө мөнгө шамшигдуулсан гэж үзлээ. Тус компаниар дамжуулж мөнгө угааж, татвараас зайлсхийгээд зогсохгүй оффшор дахь хөрөнгөө нуун дарагдуулсан хэмээн буруутгасан байна.
Экс Ерөнхий сайдыг баривчлах үед Пакистаны нийслэл Исламабад дахь шүүхийн гадаа дэмжигчид нь цуглаж жагсаал хийжээ. Жагсаалыг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч цацсан байна.
Алдарт Панамын бичиг баримт ил болсны дараа Шарифыг дээд шатны шүүх огцруулах шийдвэр гаргаснаар 2017 онд Ерөнхий сайдын ажлаа хүлээлгэж өгсөн. Хэдийгээр Шарифын нэр оффшор данстай шууд холбогдоогүй ч түүний гурван хүүхдийн хилийн чанадад эзэмшдэг нууц хөрөнгийн талаар Панамын бичиг баримтад дурджээ.
Аавынхаа хамт олон нийтийн газар олонтаа таардаг Шарифын охин Марьяам болон түүний нөхөр Мухаммад Сафтар нарыг ч мөн Исламабадын шүүх буруутай гэж үзсэн байна. Гэм буруутай болох нь тогтоогдсон гурван этгээдийг 10 жилийн хугацаанд улс төртэй холбоотой үйл ажиллагаанд оролцохыг хориглож, Лондонд байдаг дөрвөн үл хөдлөх өмчийг нь улсын санд хураажээ.
Эх сурвалж: www.cnn.com