Монгол чөлөөт бөхийн дасгалжуулагчдын өргөтгөсөн хурал өчигдөр МҮОХ-нд болж өндөрлөсөн. Хуралд 20 гаруй багш, дасгалжуулагч оролцож 2019 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий зохион байгуулалт, Иван Ярыгины нэрэмжит “Алтан Гранпри”-д оролцох эрэгтэйчүүдийн багийн бүрэлдэхүүн сонгох тухай хэлэлцсэн юм. МЧБХ 2019 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зургадугаар сард зохион байгуулахаар боллоо.
Ирэх жил “Сорилго” тэмцээнийг хийхгүйгээр УАШТ-д түрүүлсэн тамирчин "Токио-2020" зуны олимпийн наадмын эрх олгох Астанагийн ДАШТ-д шууд оролцох болсныг хуралд оролцсон багш нарын саналаар баталжээ. Түүнчлэн зарим багш нар “УАШТ-д тамирчдаа эрэмбэлж сугалаа хийвэл ямар вэ? гэсэн саналыг хэлэлцээд олонх нь тэгэх шаардлагагүй бүгд сугалаанд оролцох нь зөв” хэмээн үзжээ.
ОХУ-ын Красноярскт хотод жил бүр уламжлал болдог Иван Ярыгиний дурсгалд зориулдаг “Алтан Гранпри” тэмцээн нэгдүгээр сарын 24-27-нд болно. Эрэгтэйчүүдийн дэлхийн чансааны оноо олгодог Красноярскийн тэмцээн жингийн зөрүүгүй болох бөгөөд жин тус бүрт таван тамирчны нэрсийг гаргасан. Энэ долоо хоногт эцсийн байдлаар нэрсээ дахин гаргахаар болсон бөгөөд нэрийн мэдүүлгийг баталсны дараа тамирчид жингээ өөрчлөхгүй байхаар тогтлоо. Красноярскийн тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд нэг жинд гурав хүртэлх тамирчин оролцоно.