Арабын Нэгдсэн Эмирт улсын Ерөнхий сайд, Дубай хотын захирагч тэрбумтан Шейх Мохаммед бин Рашид аль Мактумын охин Шейха Латифаг хүний эрхийн байгууллагууд ор сураггүй алга болсон гэж үзээд байсан юм. Шейха Латифа Арабын ертөнцийн бурангуй, эмэгтэйчүүдийн эрхийг хааж боосон үзлийг эсэргүүцэж удаа дараа оргон зугтахыг оролдож байжээ.
Латифа 16 настай байхдаа эрх чөлөөт орон руу зугтахаар шийдэж оргосон ч баригдаж байсан удаатай. Харин энэ оны гуравдугаар сард хоёр хүний тусламжтайгаар Дубайгаас дахин зугтаж Энэтхэгийн эрэгт завьтайгаа баригдаж албадан нутаг буцжээ. Латифа баригдах үедээ 40 минутын бичлэг хийж байгаа байдлаа тайлбарлаж байсан юм.
Латифаг Арабын Нэгдсэн Эмирт рүү буцсанаас хойш сураггүй алга болсон гэж хүний эрхийн байгууллагууд үзсэн. Тиймээс өнгөрсөн есдүгээр сард Дубайн эрх баригчдаас Шейха Латифагийн аюулгүй байдлыг батлахыг шаарджээ.
Үүний хариуд Арабын Нэгдсэн Эмирт улсын Гадаад хэргийн яамнаас Латифагийн эсэн мэнд байгааг гэрчлэх гэрэл зургийг илгээж, олон нийтэд дэлгэсэн байна. Зурган дээр Шейха Латифа НҮБ-ын хүний эрхийн комиссар асан, Ирландын Ерөнхийлөгч асан хатагтай Мэри Робинсонтой 12 дугаар сарын 15-ны өдөр Дубайд уулзаж байгааг харуулжээ.
Латифагийн эгч Шейха Шамса мөн Арабын баригдмал, чанга хатуу дэг журмыг эсэргүүцдэг юм. Эгч дүүс “Арабын ертөнцөд эмэгтэй хүн болж төрнө гэдэг өөрийн дураар амьдарч болохгүй хамгийн хатуу зүйл” гэжээ. Тэд эрх баригчид болон гэр бүлийнхээ зөвшөөрөлгүй Дубайгаас гарах эрхгүй байдаг байна.
Эх сурвалж: www.bbc.com, www.cnn.com