ШУГТЭмнэлэгийн Эмчилгээний хоол үйлдвэрлэлийн албаны технологич С.Болортуяатай Зүрх судасны өвчний үеийн эмчилгээний хоолны талаар ярилцлаа.
-Хоол эмчилгээний шинэчилсэн удирдамжийг энэ оны нэгдүгээр сараас эхлэн мөрдөж байгаа юм байна. Эмчилгээний хоолыг 00 шөл, бантан зэргээр төсөөлдөг байсан бол илүү нарийвчилсан гэхээр сонирхол татаж байна л даа.
-Хоол эмчилгээний удирдамж өмнө нь Орос стандартын дагуу явдаг байсан. Энэ нь шинэчлэгдэж, олон улсын төвшинд хүрсэн. Өөрөөр хэлбэл, эрхтэн тогтолцооны өвчнийг тус бүрт нь буюу элэг цөсний өвчин, нойр булчирхай, зүрх судас гэх мэтээр нь ангилсан, олон улсын шинэ удирдамжийг мөрдөж байна.
-Тухайлбал, монголчуудад нэ лээдгүй тохиолдох болсон зүрх судасны өвчний үед ямар хоол хүнсийг хэрэглэхээр удирдамжид тусгасан байгаа юм бол?
-Зүрх судасны өвчний үеийн хоолыг удирдамжид зааснаар Артерийн даралт ихсэх өвчний, Зүрхний шигдээс, таргалалт буюу Зүрхний ишимийн үеийн хоол гэсэн гурван төрөлд ангилдаг. Манай эмнэлэг зүрхний харвалт, шигдээсийн тасагтай. Эдгээр тасагт зориулалтын хоолоор үйлчилж байна. Энэ өвчний үед өөх тос, давсыг илүүтэй хязгаарладаг. Судасны хананд өөх тос хуримтлагдаж, цус гүйхээ больдог. Үүнээс үүдэлтэй зүрхний шигдээс, тархины харвалт үүсдэг учраас судасны ханыг цэвэрлэхийн тулд ислэг ихтэй бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй байдаг. Ислэг нь судасны ханан дахь муу өөх тосыг өөртөө шингээж, гадагшлуулна гэсэн үг. Тиймээс ислэг ихтэй бүтээгдэхүүн, арвай, гурвалжин будаа зэрэг төрөл бүрийн будаа хэрэглэх хэрэгтэй. Мөн давс их хэмжээгээр хэрэглэх нь зүрх судасны өвчний эх үүсвэр болдог. Давс нь судасны хананд даралт үзүүлдэг. Тиймээс давс хэрэглэхээс илүүтэй орлуулах бүтээгдэхүүнийг сайн мэддэг байж, хоол хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй. Давсыг чинжүү, сармис, сонгино, цагаан гаа, гоньд, базилик зэргээр орлуулж болно. Элементийн хувьд өөр байдаг учир сүүлийн үед цагаан давснаас татгалзаж, жамц давс түлхүү хэрэглэдэг болж байна. Цагаан давсанд натрийн хлорид байдаг бол жамц давсанд өөр бусад төрлийн элемент агуулагддаг учир эрүүл мэндэд илүү ашигтай. Ер нь зүрх судасны өвчин гэлтгүй бусад өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд давсыг хязгаарлах ёстой.
-Өдөрт дунджаар зүрх судасны өвчтэй хэдэн хүнд үйлчилдэг вэ?
-Манай эмнэлэгт Зүрх судасны тасаг, Зүрхний мэс заслын тасаг, Зүрхний шигдээ сийн тасаг гэж гурван тасаг байдаг. 90 орчим өвчтөнд зүрх судасны чиглэлийн хоолоор үйлчилж байна.
-Эдгээр тасгийн хоол эмчилгээ ямар ялгаатай байдаг юм бол?
-Тухайлбал, Зүрхний шигдээсийн тасагт зутан төрлийн хоолоор үйлчилдэг. Зүрхний шигдээсээр өвчилсөн, оношилгоо тодруулах шаардлагатай өвчтөнүүд энэ тасагт хэвтдэг болохоор түргэн шимэгдэх, боловсруулах хөнгөн чанарын хоолыг дөрвөн удаагийн давтамжтай өгч байна.
-Зүрх судасны өвчтэй хүмүүсийн дунд таргалалт нэлээд ажиглагддаг. Тэгэхээр энэ төрлийн өвчтэй хүмүүийг хоол хүнсээр хангахаас гадна жин хасах арга хэмжээг давхар авах шаардлагатай болдог болов уу?
-Энэ төрлийг өвчнийг таргалалтаас үүдэлтэй зүрх судасны өвчлөл гэж нэрлэдэг. Таргалалтын гол шалтгаан нь иргэд түргэн хоол их хэрэглэдэг болсон байна. Пицца, шарсан тахиа зэрэг өөх тос, амтлагч ихтэй, бэлэн хоолыг их хэрэглэдэг болсон. Залуу хүмүүс ажлын ачааллаасаа болж гэртээ хоол хийхээс төвөгшөөж, түргэн хоол захиалж иддэг болжээ. Үүнээс үүдэлтэй таргалалт өвчин дэлхий нийтийг хамарч байна. Манайд байгаа “KFC”, “Pizzahut” зэрэг түргэн үйлчилгээний хоолны газрууд ч маш их хүнтэй байгаа харагддаг. Түүнээс гадна эдгээр үйлчилгээний газруудад хүүхдүүдээ дагуулж ордог. Хүүхэд ийм хоолыг багаасаа идэж, амтанд нь орохоор тэр хоолоо идэх гээд байдаг болчихдог юм байна. Мөн сурталчилгаа маш их явж байгаа учир эцэг эхчүүд түүнийг идэхсэн гэсэн хүүхдийнхээ хүслийг хангах зорилгоор буруу зүйл рүү оруулаад байна. Багаасаа дурлана гэдэг өвчлөлийн эх суурь тавигдаж байна гэсэн үг. Нөгөө талаасаа бид суурин болчихсон. Орон зайнаасаа хамаарч хоёр алхаад бие засах газар, гал тогоо, орондоо ордог зэргээр хөдөлгөөний хомстолд орж байна. Хөдөлгөөн хийхгүй болохоор идсэн хоол зарцуулалтгүй өөх болж хуримтлагддаг. Үүнээс үүдэлтэй таргалалт үүсч байгаа. Хоёрдугаарт, бидний уламжлалт хоол алдагдсан. Монголчууд бид зундаа сүү цагаан идээгээ идэж, намар жимс, ногоо, өвөлдөө мах, хавартаа нөөшилсөн бүтээгдэхүүнээр хооллодог уламжлалтай байсан. Энэ уламжлал алдагдаж, өвөл зун гэлтгүй мах хэрэглэдэг болсон. Адууны мах халуун чанартай учир зуны цагт иддэггүй. Гэтэл зун хүртэл адууны махаа чанаж идэх жишээний. Үүнээс харахад уламжлалт хоолны дэглэм алдагдаж, Европжсон гэж болно.
-Адууны махыг зун ч хамаагүй хэрэглэдэг болсон гэж байна. Гэтэл үхэр, хонины махны хэрэглээ нэмэгдсэн. Тэгвэл үүнээс үүдэлтэй ямар сөрөг үр дагаврууд бий болох вэ?
-Ямаа, үхэр, хонины мах нь халуун чанарынх учир хүйтний улиралд хэрэглэдэг. Адууны махыг идэр есийн үед хэрэглэдэг. Эрс тэс уур амьсгалтай учир биеийн илчийг хадгалах үүднээс хоол хүнсэнд хэрэглэдэг байсан. Харин сүүлийн үед үхрийн махыг эмчилгээний зориулалтаар ихээхэн хэрэглэж байгаа. Ер нь эмчилгээний хоолонд аливаа хоол хүнсийг тас хорь гэж хэлдэггүй. Та идэж болно. Гэхдээ зохистой хэм хэмжээг буюу өөрийнхөө биед тохирсон хэмжээгээр идвэл хоол шим тэжээл болно. Хэтрүүлэн хэрэглэж болохгүй гэдгийг зааварчилж байгаа. Уг нь бидний хувьд бэлчээрийн малтай болохоор маш сайн чанарын махтай.
-Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хоол хүнсээ хэрхэн зохицуулж, зөв сонгох ёстой вэ?
-Зүрх судас гэлтгүй аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд тогтсон цагт тогтмол хооллох нь зүйтэй. Мөн өглөөний цайгаа тогтмол ууж байх хэрэгтэй. Бид өглөөдөө ажилдаа яаруу сандруу өлөн ходоодтой гарч явдаг. Энэ нь эрхтэн тогтолцооны өвчний нэг эх үүсвэр болдог. Түүнчлэн олон нэр төрлийн хүнсний ногоог сонголттой хэрэглэх, жимс хүнсний ногоог түлхүү хэрэглэх хэрэгтэй. Тэр дундаа ногооноос ногоон төрлийн ногоог их хэрэглэх нь зүйтэй. Тухайлбал, буйцаа, юуцай, цэцэгт байцаа, шанцай гэх мэт хүнсний ногоог түлхүү хэрэглэх хэрэгтэй. Цаашлаад сүү цагаан идээг гол төлөв хэрэглэж, элсэн чихэр, давс, өөх тосыг хязгаарлах нь зөв юм. Хүн өдөрт хоёр литр ус хэрэглэх ёстой байдаг. Түүнчлэн архи, тамхинаас татгалзана. Биеийн жингээ тогтмол барьж байх хэрэгтэй. Шинэ жил дөхөхөөр гэнэт хоолоо сойж, жиндээ анхаарч эхэлдэг. Энэ нь бие физиологид муугаар нөлөөлнө. Хоол идэж байхдаа тайван идэх хэрэгтэй. Хоолоо өөрт сэтгэл ханамжтай, тайван идэх хэрэгтэй.
-Цаг үетэйгээ холбогдуулан асуухад шинэ жил дөхөхөөр таны хэлсэнчлэн гэнэтхэн хоолоо сойх байдал эмэгтэйчүүдийн дунд ажиглагддаг. Өөх тостой хүнс, махнаас татгалзах тохиолдол ч бий. Ингэж жингээ хасах нь хүний биед ямар сөрөг үр дагавартай юм бол?
-Өөх тосны хувьд огт хэрэглэхгүй байж болохгүй. Хүйтний улиралд өөх тос хэрэглэж байж л өвлийг давна. Мах, өөх тосоо хоривол цөсний ялгаралтад нөлөөлдөг. Зохистой хэмжээгээр хэрэглэ гэдэг нь энэ. Ер нь турна гэхээр хүмүүс сард 3-4 кг жин хаяна гэж ярьдаг. Энэ нь биеийн эрүүл мэндэд муу нөлөөтэй. Сард 200-300 граммаар шатлалтайгаар жингээ хасвал бие физиологи өөрөө үүнд дасчихдаг. Ер нь өвлийн улиралд мацаг барих, жин хасах нь зохимжгүй. Цаг уурын эрс тэс уур амьсгалд бид махаа идэж л хүйтнийг давна. Харин зуны улиралд хөнгөн чанарын хоол хүнс хэрэглэж байх хэрэгтэй. Улирлаасаа хамаарч хооллолтоо зохицуулах хэрэгтэй.
Б.Номин