Индонезийн Анак Кракатау галт уул оргилж далайн хөрсөнд чичирхийлэл өгснөөр асар том цунамийн давалгаа үүсч далайн эргийг сүйтгэсэн. Цунамийн сэрэмжлүүлэг дохио ирээгүйн улмаас эргийн ойролцоо байсан 373 хүн амиа алдаж, 128 хүн сураггүй хэвээр байгааг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулжээ.
Анак Кракатау галт уул идэвхтэй хэвээр байгаа тул оршин суугчдыг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж, цунамийн анхааруулах дохио өгсөөр байна. Орон нутгийн албаны хүмүүсийн хэлснээр 5,600 хүн байх газаргүй болж, 1,500 орчим иргэн бэртэж гэмтсэн. Нурж сүйдсэн байшин барилгын хог нурангинаас иргэдийг аврах ажил үргэлжилж байна.
Олон улсын мэргэжилтнүүдийн зүгээс цунамийн өмнө сэрэмжлүүлэх дохио өгч ард иргэдийн аюулгүй байдлыг хангаагүй хэмээн Индонези улсын эрх баригчдыг буруутгасаар байгаа. Албаны хүмүүс үүнд хариулахдаа “Индонезийн урьдчилан сэргийлэх анхааруулах дохио газар хөдлөлтийг хянадаг, харин далайн гүний хөрсний гулсалт, галт уулын дэлбэрэлтийг хянаагүй” гэсэн тайлбар өгчээ.
Гэвч дэлхий дээр болдог галт уул дэлбэрэлтийн 13 хувь нь дан ганц Индонези улсад бүртгэгддэг учраас энэ төрлийн аюулгүйн системийн сайжруулан хөгжүүлэх хэрэгтэй гэдэгтэй албаны хүмүүс санал нэгдсэн байна.
1927 онд үүссэн Анак Кракатау галт уул нь Индонезийн аялагч жуулчид хамгийн их очдог Жава болон Суматра арлуудын эргээс 40-50 км зайтай оршдог байна. Цунамийн үеэр гадны иргэд хохирол амсаагүй ч арлууд дээр үйл ажиллагаа явуулдаг 560 зочид буудал, 60 зоогийн газар, 350 завь эвдэрч сүйджээ.
Эх сурвалж: www.bbc.com, www.cnn.com