Улаанбаатар хотод жил бүр 0-5 насны 400 орчим хүүхэд утаанаас болж уушгины хатгалгаагаар нас барж байна гэсэн судалгаа гарчээ. Энэ талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлэлд ч дурдсан бөгөөд Улаанбаатар хотыг дэлхийн хамгийн хортой, утаатай хот гэх мэдээлэл ч гарч байгаа юм.
Харин энэ талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаас тодруулж, утааг бууруулахад ямар ажил хийж байгаа талаар нь асуухад тэрээр:
“Экономист сэтгүүл дээр Улаанбаатарын өмнө Энэтхэгийн 4-5 хот байна лээ. Бид зөв мэдээлэл дээр үндсэлж ярих ёстой” гэсэн юм.
Мөн тэрээр өнөөдөр утаанаасаа салж чадахгүй байгаа нь “хотод хэтэрхий олуулаа амьдарч байгаатай холбоотой” агуулгатай зүйлийг ч онцолсон юм. Өөрөөр хэлбэл,
“2003 онд НИТХ-аас Улаанбаатар хотод шилжин суурьшихаар ирсэн насанд хүрэгчдээс 50 мянга, хүүхдээс 20 мянган төгрөгийг хотын үйлчилгээний хураамжид авч байх тогтоол гаргасан. Харин энэ тогтоолыг Чингэлтэй дүүргийн шүүхээс “хүний эрх зөрчиж байна” гэж үзэж хүчингүй болгосноор хот гэх статусаа алдаад 15 жил болсон. Энэ бол өнөөдрийн утааны гол шалтгаан. Тиймээс олон төсөл хэрэгжсэн ч үр дүнд хүрэхгүй байна” хэмээн тайлбарлалаа.
Хэдийгээр хотод шилжин ирэгсдийг зөвтгөх аргагүй ч хотод хэт их хүн төвлөрснөөс утаагаа дийлэхээ больсон гэж ярих нь салбарын сайдын хувьд хэр оновчтой хариулт вэ?