Дэлхийн автоспорт сонирхогчдын анхаарлын төвд байж, сонирхлыг нь байнга татсаар ирсэн алдарт Дакар ралли тэмцээн Перу улсад эхлэхэд 14 хоног үлдлээ. Ирэх жилийн 01 сарын 06-17 хүртэл үргэлжлэх уг уралдаанд оролцож тоосоо өргөхөөр монголын баг тамирчид хоёр өдрийн дараа эх орноосоо мордох нь ээ. Энэ удаагийн тэмцээнд 40 гаруй орны 534 тамирчин, 334 техник хэрэгсэлтэй оролцоно.
SXS ангилалд оролцох ОУХМ Ө. Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нар өнгөрсөн 11 сард Францын Ле Хавред уралдах автомашинаа хүргэн өгч, техникийн үзлэг оруулан 413 дугаартай уралдахаар болсон билээ. Ийн SXS ангилалд монголын тамирчид анх удаа оролцохоор боллоо. Өмнө нь ОУХМ Ө.Бямбацогт 2015 онд Дакар раллид 413 дугаартай оролцсон боловч техникийн эвдрэлээс шалтгаалан замаа дуусгаж чадаагүй орхисон тал бий. Тэгвэл түүнд энэ удаагийн тэмцээнд мөн л 413 уралдах дугаар таарч даагаа нэхэх боломжтой болж байна.
Автоспортын ертөнцөд ах дүүс эхэндээ өрсөлдөгч байсан бол аавынхаа зөвлөснөөр нэг баг болон уралдаж багагүй амжилт гаргасан гэдэг. Монголын багийн бүрэлдэхүүнд чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбадэлгэр, жолоочоор Ө.Бямбацогт, механикаар Б.Баттөр, техникийн зөвлөхөөр Г.Аранзал, менежерээр Д.Баярбилэг, Г.Тэмүүжин, Б.Хатанбаатар, уралдааныг газар дээрээс нь сурвалжлан шууд дамжуулан хүргэхээр сэтгүүлч Б.Онон ажиллах юм. Ө.Бямбадэлгэрийн хувьд монголын автоспортын 23 жилийн түүхтэй хамгийн том уралдаан болох “Fа Coat SSER Ралли Монголия” гурван жил дараалан оролцож хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаараа Монголын раллид хамгийн өндөр амжилт үзүүлээд буй тамирчин.
2015 онд Дакар раллид оролцож автомашины төрөлд багаараа финиш хийсэн Монгол улсын анхны багийн чиглүүлэгч. 10 өдрийн турш 5603 км үргэлжлэх, нийт замын 70 хувь нь элсэн цөл, бартаат зам туулах амаргүй хүнд сорилтууд манай “DAKAR 2019-TEAM MONGOLIA” багийн тамирчдыг хүлээж буй. Дэлхийн хамгийн аюултай, эрсдэл ихтэй бартаат замын хаан Дакар раллид амжилттай уралдаж барианд орж финиш хийх нь томоохон амжилт юм.
Сонирхуулахад ах дүүс уралдааны бэлтгэл ажлаа хангахдаа үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, хамтран ажилласан. Энэ удаа холын замд хамгийн чухал зүйлийн нэг болох гар цүнхийг Б.Хандсүрэн хэмээх бүсгүй урлаж бэлэглэжээ.
Монголын баг тамирчдын хэвлэлийн хурал 2018.12.24