Зул сар, шинэ жилийн баяр дөхөхөөр өнгөрч буй онд хийсэн бүтээсэн ажлаа дүгнэж, аливаа салбарын ололт амжилт, шилдгүүдийн жагсаалт гардаг уламжлалтай. Энэ онд хөлбөмбөгийн ДАШТ болсонтой холбогдуулан Google-с хамгийн их хайсан үг “World Cup” байсныг бид хүргэсэн.
Тэгвэл улиран одож буй 2018 онд дэлхийд тэргүүлэх хайлтын систем Google-с хамгийн их хайсан телевизийн шоу драмаар Хятадын “Яньси ордны түүх” олон ангит кино шалгарсан байна. Хэдийгээр Хятадад Google хайлтын систем ашиглахыг хориглодог ч Азийн Сингапур, Малайз, Бруней, Хонконгийн үзэгчид олон ангит киног хайлтын системээр хамгийн их хайж үзжээ.
“Яньси ордны түүх” 70 ангит киног өнгөрсөн зуны долдугаар сард нээлтээ хийснээс хойш 15 тэрбум удаа цахим сүлжээгээр үзсэн байна. Хайр дурлал, үзэн ядалт, өш хонзон, далд явуулга, өрсөлдөгчдөө хордуулах, хүүхдүүдийг хороох зэрэг хэрцгий догшин үйлдэл, огцом үзэгдлийг Хятадын кино, зохиолд нийтлэг тусгасан байдаг. “Яньси ордны түүх” ч мөн эдгээрийг харуулах болно.
Тус киног 1700-аад оны үеийн Чианлонг эзэн хааны хатны бодит түүхээс сэдэвлэжээ. Киноны гол дүр Вэй Инглуо өөрийн тэвчээр, ухаанаараа шалгарч эзэн хааны хайр, хүндлэлийг олж авдаг.
“IQiyi” компанийн хийсэн “Яньси ордны түүх” кинонд алдартай жүжигчдийг тоглуулаагүй байна. Энэ нь тогтсон хэв маягийг эвдэхээс гадна бага зардлаар сайн бүтээл туурвиж болдгийг харуулжээ. Кинонд алдартнуудаас Хонконгийн жүжигчин Чэрмэйнь Ше туслах эмэгтэй дүр бүтээсэн байна.
Эх сурвалж: www.bbc.com