Өнгөрсөн ням гарагт Японы эзэн хаан Акихито 85 насны ойн баяраа тэмдэглэлээ. Ирэх оны дөрөвдүгээр сард хаан сэнтийгээ шилжүүлэн өгөх эзэн хаан сүүлчийн удаа төрсөн өдрөөрөө ард иргэдийнхээ өмнө хүндэтгэлтэйгээр үг хэлсэн юм.
Эзэн хааны хүндэтгэлийн үгийг сонсохоор 80,000 гаруй иргэн цугласан байна. Акихито Японы ард түмэн болон гэргий хатан хаан Мичикогийн дэмжлэгт талархснаа сэтгэл догдлуулан өгүүлжээ.
Мөн Япон улсад тохиосон байгалийн гамшгийн үеэр амиа алдсан иргэдийн гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлсэн юм. Эзэн хаан улс төрийн эрх мэдэлгүй ч Хятад, Солонгосын хойгт явуулсан Японы цэргийн ажиллагаанд харамсаж байна гэжээ.
1989 оны нэгдүгээр сард хаан ширээ залгамжилж байсан тэрээр Япон улсын 200 жилийн түүхэнд амьд ахуйдаа хаан ширээнээс бууж буй анхны эзэн хаан юм.
Эзэн хаан зүрх судасны хагалгаа, түрүү булчирхайн хорт хавдрын эмчилгээ хийлгэсэн. Түүний ууган хүү угсаа залгамжлах хунтайж Нарухито хаан ширээг залгамжилна.
Акихитогийн хаан ширээнд суусан 30 жилийг “Хэйсэй” эрин буюу энх тайвныг эрхэмлэсэн үе хэмээн нэрийджээ.
Эх сурвалж: www.bbc.com