Индонези улсад Анак Кракатау галт уул өнгөрсөн бямба гарагаас хойш оргилж байна. Бямба гарагт галт уул дэлбэрсний дараа асар том цунами үүсч эрэг орчмын 222 оршин суугч амь насаа алдаж, 843 хүн гэмтэж бэртээд байгаа юм. Ням гарагт галт уул дахин идэвхжсэн тул цунами үүсч болзошгүй гэдгийг анхааруулж байна.
Анак Кракатау галт уул идэвхтэй хэвээр байгаа тул эрэг орчмын оршин суугчдыг эргээс хол байж, аюулгүй газарт байрлахыг анхааруулсаар байгаа юм. Галт уулын далайн гүн дэх хөрс хөдөлснөөр асар том цунамийн давалгаа үүсгэж байгаа гэж газарзүй судлаачид үзжээ.
Иргэдийг аврах ажиллагаа үргэлжилсээр байна. Индонези улсын Ерөнхийлөгч Жоко Видодо гүн эмгэнэл илэрхийлж, ард иргэдээ тэвчээртэй байхыг уриалжээ.
Анак Кракатау галт уул нь 1927 онд Кракатоа галт уул дэлбэрсний дараа үүссэн ба ойрын саруудад идэвхжиж эхэлсэн байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт галт уулын чичирхийлэл хүчтэй мэдрэгдэж 12 секундын зайтай хоёр удаа дэлбэрч халуун үнс нурмаа цацаж, 400 метрт утаат хөшиг татуулаад байжээ.
Бямба гарагийн орой 21:30 минутын үед цунами үүсэхэд амралтын өдөр байсан тул иргэд далайн эрэгт олноороо цугласан байжээ. Галт уул дэлбэрсний дараа газар хөдлөлтийн анхааруулах сэрэмжлүүлэх дохио ирсэн боловч цунамийн анхааруулга сэрэмжлүүлээг ирээгүй байна. Тиймээс иргэд эргээс холдож, цунамийн давалгаанаас зугтаж амжаагүй.
Багаар бодоход 560 орчим байшин барилга нурж, есөн зочид буудал, 60 гаруй зоогийн газар, 350 орчим завь эвдэрч сүйдсэн байна. Зам дээр байсан тээврийн хэрэгслүүд, модод үндсээрээ сугарч шидэгджээ. Жава арлын эрэг дээр байдаг хэд хэдэн амралтын газрууд хаалгаа барьсан. Жава арал дээр 160, Суматра арал дээр 50 орчим хүн амиа алджээ. Хохирогчдын дунд гадны иргэд байхгүй болохыг албаныхан мэдэгдэв.
Индонези улс газар хөдлөлт, цунамийн идэвхтэй бүсэд оршдог. Өнгөрсөн есдүгээр сард Сулавеси арлын орчимд хүчтэй газар хөдөлж 2,000 хүн амь эрсэдсэн юм.
Эх сурвалж: www.bbc.com, www.cnn.com