Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн бүтээл "Хүйлэн Огторгуйн Заадас буюу Эх дагины өчил" роман хэвлэгдсэн даруйдаа уншигчдын сонирхлыг ихэд татаж буй. Дондогдулам хэмээх сахилын нэр авахаасаа өмнө Цэндийн Дунгаамаа хэмээх бүсгүй Эх дагина болсон тухай энэ зохиолд өрнөдөг.
Монголын сүүлчийн хаан Богд, Улсын Эх дагина Дондогдулам хоёрын нууцлаг амьдрал, шашны гүн ухаан, Манжийн дарлалын үеэс Үндэсний эрх чөлөөний хувьсгал, монголчууд арай гэж олж авсан тусгаар тогтнолоо алдсан эгзэгтэй үе, тусгаар тогтнолын төлөө чөмгөө дундартал тэмцсэн Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд нарын эх оронч ихэс ноёд, алтан ургийнхны дараалсан үхэл, гамин, бароны цэрэг Их хүрээг эзэлсэн, Ардын хувьсгал ялсан ээдрээт түүхийг тун сонирхолтой өгүүлсэн байна.