Монголын чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид ОХУ-ын Хасавюрт хотын бэлтгэлийн баазад Дагестаны бөхчүүдтэй 10 гаруй хоног хамтарсан бэлтгэл хийлээ. "Цастын барс" клубын дасгалжуулагч, спортын мастер Д.Батнямын удирдлага дор 11 тамирчин хамтарсан бэлтгэлд хамрагдсан юм. Энэ сарын эхээр Хойд Осетийн “Аланы” тэмцээнд зодоглосон гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Н.Насанбуян, М.Лхагвагэрэл, Г.Ганхуяг, Б.Бат-Эрдэнэ, спортын мастер Б.Наранболд, Б.Баасанжаргал долоон тамирчин маргааш эх орондоо ирэх бол “Цастын барс” клубын тамирчин С.Нямдаваа, улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Ш.Отгонтөгс, залуу тамирчин Ганбаатар нар шинэ оны эхэн хүртэл Дагестантай тамирчидтай хамтарсан бэлтгэлээ үргэлжлүүлнэ.
ОХУ-ын шигшээ баг, Хойд Осетин, Дагестаны шигшээ багуудтай хамтарсан бэлтгэл хийх нөхцлийг бүрдүүлж, гэрээ хэлцлийг хөнгөлөлттэй хийх боломжийг гавьяат тамирчин, дэлхийн аваргын хошой мөнгө, мастеруудын дэлхийн аварга, азийн наадмын аварга, 1985 оны дэлхийн шилдэг бөх МЧБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Буяндэлгэрийн Болд олгосон байна.