МҮОНРТ-ийн ахмад ажилтан Д.Тунгалагтай ярилцлаа.
–Та хэдэн онд үндэсний телевизэд орж байв. Тухайн үеийн дурсамжаасаауншигчидтай хуваалцахгүй юу?
-1965 онд ирээдүйд Монгол Улсад зурагт, радио бий болно гээд ЗХУ-д мэргэжилтэн бэлтгэх ажил эхэлж байсан. Шижигнэсэн найман залуу Москва хотын Кино урлагийн дээд сургуульд суралцахаар эх орноосоо мордож байсан минь сайхан дурсамж үлдээжээ. Бидний суралцаж төгссөн сургуулийн 100 жилийн ой ирэх жил тохиож байгаа. Бид наймуулаа хамт явсан. Найруулагч, сэтгүүлч, зургийн дарга, зураач мэргэжлээр сурсан. Мөн Ленинградын кино, телевизийн инженер техникчдийг бэлтгэдэг сургуульд Монголын үндэсний олон нийтийн телевиз, Монголын зурагт радиогийн ерөнхий инженер, сүүлд техник хариуцсан орлогч даргын албыг хашиж байсан Б.Ганбаатар, Т.Алтанцэцэг нар суралцсан юм шүү дээ. Энэ сургууль мөн л ирэх жил 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Т.Алтанцэцэг маань 16, 35 мм-ээр телевизийн мэдээ, сурвалжлагыг “Телекино” үйлдвэрт бэлтгэдэг байлаа. Тэгэхээр бид Монгол Улс телевизийн салбартай болохоос өмнө энэ салбарын ажилтан болох чин хүсэл өвөртлөн гадаадад мэргэжил эзэмшсэн анхны уран бүтээлчид юм.
–Та хэдэн онд сургуулиа дүүргэсэн бэ. Төгсч ирээд ямар алба хашиж байв?
-1970 онд төгссөн. Намайг ирэх үед телевиз байгуулагдаад гурван жил болчихсон байлаа. Ирснийхээ дараа энд ажиллаж байгаа инженер техникийн ажилчдад ЗХУ-ын мэргэжилтнүүдийн хамт хичээл заадаг байсан. Тэр үед Мөрөн гуай гэрлийн техникчдэд гэрэлтүүлгийн ач холбогдол болон хэрхэн тавих дадлагад сургасан буянтай хүн юм шүү дээ. Сүүлд зураглаач болсон Пэрэнлэй, Цолмон нар “Мөрөн гэж жижигхэн биетэй, маш хурдан ярьдаг эмэгтэй долоо хоног нэг удаа заавал гэрэлтүүлгийн хичээл ордог байж билээ” гэж дурсан ярьдаг юм. 1971 онд Туяа, Лхагважав, Юндэндорж, Содном, Дугаргарамжав бид хэд тавдугаар сарын 18-нд ажилд орох тушаалаа гаргуулаад ирж байсан минь саяхан мэт л санагддаг. Туяа, Лхагважав, Дугаргарамжав бид дөрөв кино оператор, Юндэндорж, Содном хоёр маань найруулагчаар ажлын гараагаа эхэлсэн. Тэгэхэд телевиз маань кино цехтэй, 10-аад зураглаачтай. 16 мм-ээр кино зураг авдаг. Кино үйлдвэрээс ирсэн Дашдондог гуай, Нямсүрэн, Чулуун, Баяраа нар маань баримтат кинон дээр ажилладаг байсан. Ийм л түүхээр Үндэсний олон нийтийн телевизтэй амьдралаа холбосон юм. Залуу ч байж, эрч хүчтэй ч байж. Няцаж шантарна гэж үгүй. Мэргэжлийн сургуулийг нь дүүргэсэн гэсэн нэрээ алдахгүйн тулд их л мэрийлттэй ажиллаж байсан. Бас сурч мэдсэнээ бусадтайгаа харамгүй хуваалцдаг байлаа.
-Зураглаачийн нүдээр тухайн үйл явдлыг харна. Тиймээс бүх үйл явдлыг аль болох цөөн кадрт багтаах мэдрэмжтэйбай хэмээн сургаж байсныг тань санаж байна. Таныг анх телевизэд ажиллах тэр үед хүмүүсийн хандлага ямар байсан бол?
-Гайхалтай. Мэдээ, сурвалжлагад явж байх үед хүмүүс дээрээс доош харна. Хүмүүсийн анхаарлын төвд байгаагаа мэдрэхээр омогших сэтгэл өөрийн эрхгүй төрдөг юм. Хүмүүст хүндлүүлж ирсэн минь миний мэргэжлийн буян. Туяа бид хоёр оюутан байхдаа бие даалтаа хийхийн тулд кино урлагийн дээд сургуулийн зохион байгуулж байгаа арга хэмжээний дүрсийг камертаа буулгадаг байлаа. Хамгийн инээдтэй нь олны өмнө камер барьж хэзээ ч гарахгүй юм шүү гэж ярьдаг охид байсан. Зундуй маань “Та нар өдөр бүр, цаг тутам камер барьж явах болно. Та нар кино зураглаач болох учиртай. Студид камерийн ард зогсоно гэж мөрөөдөх хэрэггүй” гэж хэлдэгсэн. Хэдийгээр кино зураглаачийн мэргэжлээр сурч байгаа ч камерынхаа хүндийг мэдэрчихсэн болохоор аминдаа биеийн амарыг харах санаатай байсан юмдаг уу даа. Гэтэл миний ажлын тушаал кино зураглаачийн туслах гэж гарсан юм.
Яалт ч үгүй сурсан мэргэжил. Тэгэхээр бултаж зугтах аргагүй, тийм сэтгэл ч байгаагүй ээ. Туяа бид хоёрт “Адмир” гэдэг камер хүлээлгэж өгсөн. Түүнийг гараараа чангалсны дараа 30 мм-ийн хальс дээр зураг авна шүү дээ. Энэ камерийг долоон сар барьсны дараа “Телекино” үйлдвэрийн дэргэд ЗХУ-ын тусламжаар кино байгууламжтай болж байсан юм шүү. Телевизэд байрлах кино цехийн лаборант Ганчимэг 30 мм-ийн хальсийг модон раманд ороож гараараа угаадаг байлаа. Ингэж бэлтгэсэн зураглал оройны шууд нэвтрүүлгээр явна. Үнэхээр гайхамшигтай ажилладаг байсныг эргэн дурсахад сайхан байна. Би телевизийнхээ 50 жилийн ойд зориулж ном бүтээсэн. 10 жилийн турш цаг зав гарахаараа бичсэн. Энэ номонд тухайн цаг үе болоод орчин үеийн техник, технологийн ялгааг харуулахыг зорьсон. Эргээд харахаар тэр цагт ажилладаг байсан хүмүүсийн сэтгэл илүү байсан гэж боддог. Техникийн хурд хүчийг гайхуулахаас илүүтэй үзэгчдэд хэзээ, хаана, юу болоод өнгөрсөн бэ гэдгийг харуулахыг эрмэлздэг байжээ.
–Одоо ч ялгаагүй хэзээ, хаана, юу болсныг харуулахыг зорьж байгаа гэж боддог?
-Мэдээж тэгэлгүй яахав. Гэхдээ хэт их хурдтай оршиж буй нийгэмд болсон үйл явдлыг хальт авчихаад дараагийнхаа үйл явдалд явах гэж хэт яарснаас зарим зүйлд учир дутагдалтай хандаж байгаа нь анзаарагддаг. Заримдаа охинтойгоо маргадаг юм. Нэг л сэтгэл дутуу байна гэхээр охин маань бүтээлчээр хандалгүй яахав гээд өөрийнхөө үеийнхнийг өмөөрдөг юм. Магадгүй тухайн цаг үедээ л хүн гэдэг амьтан оршин тогтнож, цаг хугацааг элээж байгаа. Тиймээс цаг үетэйгээ хөл нийлж, мэдээллийг түгээхдээ ч энэ зарчим хадгалагддаг болов уу. Яахав биднийг ажилладаг үед камерын хальс худалдаж авахын тулд нэлээдгүй валютыг гадагш урсгадаг байсан. Камер видео болсны давуу тал нь хальсанд зарцуулдаг мөнгийг дотоодод үлдээх боломж бүрдэж байгаа юм. Би 13 жил Радио, телевизийн дээд сургуульд багшилсан. Үндэсний телевизэд Зураглаачийн албаны дарга байх үедээ ажлынхаа хажуугаар хичээл заадаг байлаа. Багшлах хугацаандаа оюутнууддаа байнга “Хүний сэтгэл орсон бүтээл хүнд илүү хүрдэг. Тиймээс үүнийг байнга санаж яваарай” гэж захьдаг. Бид чинь хальс боловсруулагдаад нэвтрүүлэг болох хүртэл догдолж хүлээнэ. “Гэрэл нь хүрсэн байгаа. Үйл явдлынхаа агуулгыг гаргах дүрс авч чадсан болов уу” гээд байнга санаа зовно. Хальсныхаа багтаамжид тохируулан оновчтой дүрслэлийг буулгана гэдэг чамгүй ажил.
–Та зураглаач болоод анх ямар сурвалжлагад явж байв?
-Польш, Монголын хамтын ажиллагааг үзэглэх арга хэмжээ Гадаад явдлын яаман дээр болсон юм. Мэдээний хариуцлагатай редактор Банзрагч анх удаа протокол мэдээнд явуулсан нь тэр. Протокол гэдэг маань төрийн томоохон арга хэмжээг хэлнэ. Бид залуу учраас ихэвчлэн гадуур жижиг мэдээнд гүйдэг байлаа. Ингээд явуулахдаа “За Тунгалаг минь дээд сургууль төгссөнөө харуулна шүү” гэчихэж байгаа юм. Ингэж хэлүүлсэн хүн чинь нэрээ хичээхээс аргагүй. Мэдээж надад туршлага гэж юу байхав дээ. ЗХУ-д сургууль төгссөн гэдгээрээ л омогшихоос төдийлөн туршлага хуримтлуулж амжаагүй л яваа залуу зураглаач шүү дээ. Дүрсээ авчихаад ирж эвлүүлсний дараа дөнгөж найман мм дүрс гарсан юм. Энэ мэдээг уншиж дуустал амжихгүй л болов уу гэж байна. Би сандарчихлаа. Тэгтэл эвлүүлэгч маань Цэенханд эгчээс асуух хэрэгтэй гээд дуудлаа. Харин Цэенханд эгч дүрсээ, тексттэйгээ хамт харснаа амжина. Би уншчихья гээд намайг аварч билээ. Би ч өнөөх мэдээгээ амьсгалаа түгжиж байгаад л үзсэн юм. Тэгээд Цэенханд эгчийг үнэхээр биширч билээ. Аливаа зүйлийг уншихад амьсгаа зохицуулалт маш чухал гэдгийг тэр үед ойлгосон юм. Харин орчин үеийн зураглаачид хальсаар туйлж байгаа ч хангалттай дүрс авахгүй байна гэж хардаг учраас би шүүмжлэлтэй ханддаг. Дүрс авч мэдэхгүй. Хаана юу болж байгаа нь харагдахгүй, тэгээд нэг кадраа хэд давтаж явуулна. Магадгүй таны үе өнгөрсөн гэх биз. Гэхдээ л мэргэжлийн төвшинд ажиллана гэдэг нэр хэмээхийн хэрэг биш гэдгийг залуу үе маань ойлгох учиртай. Би оюутнууддаа “Аль болох тавиухан дүрс авахыг захьдаг. Диктор текст унших хугацаанд хүрэлцэхүйц дүрстэй байх хэрэгтэй” гэж байнга захьдаг даа.
Д.Оюунчимэг