СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өрөөний агаарыг хамгийн ихээр цэвэршүүлдэг долоон ургамал

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Агаарын бохирдол хамгийн их энэ үед гэрийн агаарыг цэвэршүүлэхэд үнэ өртгийн хувьд хямд, мөн танай гэрт өнгө үзэмж нэмэх энгийн нэгэн арга бол мэдээж цэцэг. Ингээд өрөө тасалгааны агаар цэвэршүүлэх үр дүнтэй цэцгийн талаар мэдээлэл бэлдлээ. Та эдгээр цэцгүүдээс өөрт таалагдсаныг сонгож гэртээ ургуулснаар өвлийн улиралд гэртээ салхивч нээхгүйгээр цэвэр агаараар амьсгалах боломжтой юм.

Т. Агаар цэвэршүүлдэг тасалгааны цэцгүүд байдаг гэдэг нь яалт ч үгүй өргөн тархсан ойлголт бөгөөд хамгийн олон давтамжтай хийгдсэн NASA-ийн ургамалд хийсэн судалгаа “the NASA study on plants” нь илүү шинжлэх ухааны үндэстэй, үнэн байх магадлал өндөртэй юм.

Агаарын бохирдол ихтэй энэ үед иргэн та өөрийгөө, үр хүүхэд, хайртай дотнын хүмүүсээ хэрхэн хамгаалж, эрүүл байлгаж байна вэ. Бид утааг бууруулах олон ч төсөл хөтөлбөрийн нүүр үзлээ. Гэхдээ бид гадаад орчин дахь агаарын бохирдлоос өөрсдийгөө хамгаалаад гэртээ эрүүл агаартай байж чадаж байгаа бил үү. Хэдийгээр агаар шүүгчийг зөвлөж байгаа ч үнэ өртгийн хувьд өндөр тул айл бүр авч хэрэглэж чадахгүй байгаа нь нууц биш.

 

НОГООДОЙ

Эх нялхсын эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд аав, ээжүүдийг гэртээ Ногоодой цэцэг тарихыг зөвлөдөг. Учир нь энэхүү цэцэг хоёр өдрийн дотор тасалгааны агаар дахь хорт бодисын 90 хувийг арилгадаг юм. Ногоодой цэцгийн навч нь хортой бодисыг шүүж, хөгц, мөөгөнцрийг өөртөө шингээж, хивсний материал, тавилга зэргээс ялгардаг өнгөгүй хий болох нүүрстөрөгчийн монооксидыг маш сайн шүүж, ариутгадаг. Улмаар Ногоодой цэцэгтэй орчинд хүмүүс толгой өвдөх, тархи манарах зэрэг таагүй үзэгдлүүдийг мартах болно. Мөн дөнгөж төрсөн хүүхдүүдийн цээж хэржигнэж байхыг та сонсож байсан байх. Тэгвэл Ногоодой цэцэг үүнд ч мөн тустай.

АВИРГАНА

Авиргана цэцэг хүний анхаарал төвлөрч, сэтгэн бодох чадвар нэмэгдүүлэхэд онц тустай юм байна. Тиймээс Авиргана цэцгийг бичгийн ширээний орчимд байрлуулах хэрэгтэй. Авиргана нь компьютер, принтер, цааснаас ялгарах өнгөгүй хорт бодисыг өөртөө шингээж саармагжуулдаг. Мөнхийн ногоон өнгөтэй, мөлхөж, авирч ургадаг энэхүү цэцэг нь агаар дахь формальдегид буюу ахуйн газ хавтан болон бусад барилгын материалаас ялгардаг хорт бодисыг цэвэрлэдэг. Тиймээс хийн зуух хэрэглэдэг эзэгтэй нар гал зуухны өрөөндөө гоёмсгоор зохиомжилж ургуулбал нэн тохиромжтой.

МӨНХРӨӨ

Хамгийн шилдэг агаар цэвэршүүлэх чадвартай цэцэг гэх тодотголыг Ногоодой цэцгээс гадна Мөнхрөө цэцгийг нэрлэдэг. Агаар дахь элдэв химийн хорт бодисыг шүүж цэвэрлэхээс гадна Мөнхрөө өдөр, шөнийн аль ч цагт хүчилтөрөгч ялгаруулдаг байна. Нарны шууд тусгалаас хол газар байрлуулах хэрэгтэй тул хүмүүс түүнийг чимэглэлийн зорилгоор цонхгүй орчинд олноор нь эгнүүлэн тарьж интерьер дизайны өвөрмөц шийдэл гаргадаг.

ИНЖИР

Инжирийн мод 60 сантиметрээс гурван метр хүртэл янз бүрийн хэмжээтэй байдаг. Агаарыг цэвэршүүлэх онцгой чадвартай бөгөөд хүсвэл хавар, зуны улиралд гадаа хашаанд, тагтан дээрээ байлгаж болно. Агаараас бензол, трихлорэтилен болон формальдегидыг устгадаг байна.

МӨЛХӨӨ

Мөлхөө цэцэг нь амархан ургадаг бөгөөд цэцэг тарих туршлагагүй хүнд хамгийн тохиромжтой. Мөлхөө цэцэг хурц гэрэлд дуртай бөгөөд нарны гэрэлтэй ойр байлгавал амархан нахиалдаг. Мөн агаарыг цэвэршүүлж, формальдегид, ксилолыг устгадаг.

ЦЭЦЭГ КАКТУС

Тэднийг өөрөөр зул сарын “кактус” ч гэдэг. Учир нь тэд зөвхөн 12 дугаар сард цэцгэлдэг байна. Гэхдээ бүх л жилийн турш харанхуй орчинд байсан ч, хүчилтөрөгч ялгаруулсаар байдаг учир унтлагын өрөөндөө байршуулахад хамгийн тохиромжтой ургамал юм.

ЗУУН НАСТ

Зуун наст цэцэгний анагаах чадварын тухай сонсож байгаагүй эмэгтэй хүн гэж үгүй биз. Гоо сайханд, дотор эрхтэнд маш сайн нөлөөтэй энэхүү цэцгийг гэртээ олноор нь таривал ямар ч өндөр технологийн агаар шүүгчээс илүү үр дүнтэй байх болно. Цахилгаанаар ажилладаг агаар шүүгч нар эдийн засгийн нэмэлт зардал шаарддаг бол зуун настыг тарихад гэрэл, ус хоёроос өөр нэмэлт зүйл бараг хэрэггүй.

М.Дуламсүрэн

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.