Энэ жилээс эхлэн Олон улсын олимпиадад оролцож, амжилт үзүүлсэн сурагчдыг мөнгөн шагналаар урамшуулахаар болсон. Өмнө нь Олон улсын олимпиадад өндөр амжилт гаргасан суралцагчдыг зарим жилд тэдний хүссэн их, дээд сургуульд шалгалтгүй элсүүлдэг байсан бол энэ жил Олон улсын Мэдээлэл зүй, Хими, Биологи, Математик, Физикийн олимпиадад түүхэн амжилт гаргасан сурагчид, мөн ой тогтоолтын дэлхийн аваргын тэмцээнд түрүүлж, Дэлхийн аварга болсон сурагчдыг нийт 34 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа.
Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид Олон улсын математикийн олимпиадад анх 1967 онд оролцож эхэлснээс хойшхи 49 жилийн хугацаанд энэ жил түүхэн дээд амжилтыг үзүүлээд байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилүүдэд тогтмол оролцдог таван төрлөөр нийт дүнгээр алтан медаль 2, мөнгөн медаль 32, хүрэл медаль 93, тусгай байрын шагнал 86 удаа авч байсан бол энэ жил 20 гаруй хүүхэд Олон улсын олимпиадад оролцсноос 16 сурагч төрөл тус бүртээ медаль авч, байр эзлээд байна.
Ялангуяа Олон улсын математикийн олимпиадаар анх удаа багийн бүх гишүүд медаль хүртжээ. Математикийн олимпиад Румын улсын Клуж-Напока хотод зохион байгуулагдсан бөгөөд 107 орны 594 суралцагч оролцсон юм. Химийн олимпиадад 95 орны 304, Мэдээлэл зүйн олимпиадад 87 орны 330, биологийн олимпиадад 70 орны 260, физикийн олимпиадад 90 орны 400 суралцагч оролцсноос монгол сурагчид бүх төрөлд медаль хүртсэн нь түүхэн дээд амжилт юм.
Олимпиадад оролцсон суралцагч, багш нар ярихдаа бүх төрлөөр ийнхүү өндөр амжилт гаргахад эерэгээр нөлөөлсөн хүчин зүйлсийн нэг нь БСШУСЯ-наас анх удаа Олон улсын олимпиадын зардлыг бүрэн хэмжээгээр олгосон явдал хэмээн өгүүлж байна. Цаашид Олон улсын олимпиадад оролцох зардлаас гадна сурагчдыг эх орондоо бэлтгэл хийх зардлыг ч яамнаас нэмж санхүүжүүлэх бодлого баримталж байгаа гэнэ.
Б.Батмэнд: Олон улсын олимпиадад оролцох зардал өгч, мөнгөн урамшуулал өгч байгаад баяртай байна
- Би 1 дүгээр сургуулийн 11 дүгээр ангид сурдаг. Энэ жил Румын улсад болсон Математикийн Олон улсын олимпиадад оролцож хүрэл медаль авсан. Энэ жилийн онцлог нь Монгол Улсаас явсан баг бүгдээрээ медаль хүртсэн. Энэ бол Монголын математикийн олимпиадын хорооноос баримталсан бодлогын ач гэж би бодож байгаа. Мөн оролцох зардлыг яамнаас олгож байгаа явдалд бид маш их баяртай байгаа. Хэрвээ чи математиктаа сайн бол ямар ч мөнгө төгрөг зарахгүйгээр Олон улсын олимпиадад оролцоод эх орондоо эргээд ирж болно. Энэ бол үнэхээр том боломж. Амжилт гаргасныхаа дараа дахиад мөнгөн урамшуулал авлаа. Үнэхээр их баяртай байна.