Өвөл болохоор нарны тусгал багасч бид нарнаас авах Д амин дэмээ бүрэн авч чаддагүй. Учир нь манай улсад жил бүрийн 6-р сарын дунд үеэс 8-р сарын эхэн үе хүртэлх хугацаанд л Д амин дэмийг нарны хэт ягаан туяанаас хангалттай нийлэгжүүлэх боломжтой байдаг. Гэхдээ энэ үед ч Д-ээ бүрэн нөхөх боломж хомс ажээ. Гэвч хүүхэд насанд витамин Д дутагдахад рахит өвчинд нэрвэгдэхийн зэрэгцээ өсөлтийн саатал, ясны гаж хөгжил ба яс хугарах эрсдэл маш өндөр. Харин том хүний хувьд булчингийн сулралаас эхлээд зүрх судасны өвчлөл, хавдар, чихрийн шижин гээд маш олон төрлийн өвчний шалтгаан болдог байна.
Тиймээс бид өвөл Д амин дэмээ хаанаас, хэрхэн нөхөж авах талаар мэдээллийг хүргэе.
Д амин дэмийг нарны туяа болон хоол хүнс гэсэн хоёрхон зүйлээр л дамжуулж авдаг. Тиймээс өвлийн улиралд Д-гээ нөхөх хамгийн энгийн арга бол агаарт гарч, алхах, аль болох наранд зогсох явдал. Мөн хоолондоо сүү, цагаан идээ, далайн гаралтай бүтээгдэхүүн, өндөг, элэг түлхүү хэрэглэх хэрэгтэй юм. Эдгээр хүнсний бүтээгдэхүүн хүний бие махбод дахь Д аминдэмийн дутлыг нөхөх чадвартай юм.
Үүн дээр нэмээд эмийн бэлдмэлээр буюу гаднаас авах. Ингэхдээ витамин Д-гээ тодорхойлуулсны үндсэн дээр урьдчилан сэргийлэх юм уу эмчилгээний тунгаар авах хэрэгтэй ажээ.