Монголчууд утаатай янз бүрийн аргаар тэмцээд үр дүнд хүрэхгүй олон жил боллоо. Тиймээс иргэд бид хандлагаа өөрчилж, ирээдүй хойч үеэ бодож утааны эсрэг дуу хоолой, хүчээ нэгтгэж уриалан дорвитой ажил хэрэг болгох хэрэгтэй. Жирийн нэг иргэнээс авахуулаад албан байгууллагууд, урлагийнхан нийгмийн хариуцлагаа байгаль орчин, утааны эсрэг хандуулах болсон нь сайшаалтай хэрэг.
Өнгөрсөн жил НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Даниела Гашпарикова форум дээр хэлсэн үгэндээ “Дэлхийн банкны 2013 оны судалгаанаас харахад жилд агаарын бохирдлоос болж 2400 хүн цагаасаа эрт нас барж байна. Энэ бол хүүхэд болон насанд хүрэгчид нийлсэн тоо” хэмээн тэмдэглэж байв. Алгуур алгуур, аажим аажмаар хордуулан “нөгөө ертөнц рүү” авч оддог “чимээгүй үхлийн” энэ аймшигт мэдээ цөөхөн монголчуудад айдас төрүүлж, айл айлын хаалганд харанга дэлдэж байна.
Улаанбаатарын утаа хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, өвлийн улирал эхлэнгүүт эмнэлгүүд ачааллаа дийлэхээ байж бачимдан сандарцгаадаг. Гамшгийн хэмжээнд хүрсэн агаарын бохирдлын эсрэг юу хийх вэ гэж хүн бүхэн боддог ч яаж хийхээ, юунаас эхлэхээ мэдэхгүй арга мухардан дэмий л сэтгэл зовнихоос цаашгүй. Нийслэлийн ихэнх дүүрэг гэр хороололд амьдардаг иргэдтэй.
Харин гэр хорооллынхон гэж ад үзэгдсэн өрхүүд хэдэн том хүнсний зах бараадаж, амьдралаа арай ядан зогоох, мөн энд тэнд баригдаж буй барилгын хог хаягдал түүж, автомашины хагарсан хуучин дугуй шатаан түлж хагас дутуу дулаацан, гэдэс дундуурхан хоногийн бор өдрүүдийг өнгөрөөнө. Хүйтний ам цаашлангуут хүмүүс өдрийн бодол, шөнийн зүүд болсон нөгөө гайхал утааг мартаж дуугүй болцгоох нь гайхмаар.
Зуны хэдэн саруудад наадаж зугаалсан Монголчууд өвөлтэй золгох үедээ л нөгөө гайхлаа гэнэтхэн санаж сая сэхээ орсон мэт “Утаагаа багасгаач, угаартаж үхлээ, яанаа ийнээ хөгшид, хүүхэд багачууд өвдөөд эхэллээ” гээд амтай болгон үглээд эхэлнэ дээ харин ч нэг. Энэ байдалд хэдийнэ дассан улс төрчид тохуурхсан янзтай хээвнэг сууж сууж, хүмүүсийн үглээг түр намжаахын тулд хэдэн ажил санаачилсан болоод хавар хурдан болоосой гээд ханцуй дотроо чимээгүйхэн залбирна. Тэр санаачилсан гээд байгаа ажлууд нь даанч үр дүнгүй “нүглийн нүдийг гурилаар хуурав” гэгч болно доо хөөрхий.
Өвлийн гол сэдэв болсон утаатай тэмцэх шинэ санал, санаачлагад зарцуулсан мөнгө хэдийнэ 500 тэрбум хол давсан гэх. Үүний зэрэгцээ утаа, агаарын бохирдолтой тэмцэх нэрээр санхүүжилт авдаг бизнес цэцэглэсэн гэх дэл сул яриа энд тэндгүй үсчинэ. Гэхдээ ганцхан Монголчууд утаатай тэмцээд байгаа улс биш юм аа. Тэмцээд ялсан улс байна. Тэдний “Чимээгүй үхэл”-ийг дийлсэн түүх их энгийн юм. Тэднээс бидэнд ядаж суралцууштай зүйл их байх. Даанч хэн нэгний гар сунгахыг харж найдсан, дээрээс лүндэн буухыг хүлээж суусан залхуу нь дэндсэн улс юм бид өөрсдөө.
Хөгжил дэвшилд тэмүүлж амьдарсан Монголчууд “утааг удахгүй арилгана” гэсэн уриа лоозонд олон жил хууртсан, одоо бүр дөжирчихсөн дөө. Юутай ч Монголын ард түмэнд “Үхлийн манан” хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн Лондонгийн хар түүх битгий нүүрлээсэй билээ. Гэхдээ л утаатай Улаанбаатарт уушгигүй иргэд нэмэгдсээр байгааг нуух юун. Үнэнийг хэлэхэд арчаагүй төртэй, унхиагүй УИХ-ын гишүүдтэй бид төр, хүний гар харж сурсан, амиа бодсон зангийнхаа золиос нь өөрсдөө болж байна. Эцэст нь энэ бүхнийг төр, төрийн түшээд л хийнэ, шийднэ гэж найдаж хүлээхгүй бүгдээрээ, бултаараа, хотлоороо, хөршөөрөө яг одоо ухаарсан бол утааны эсрэг хамтдаа тэмцье. “Чимээгүй үхэл”-тэй дайн зарлаж ялалт байгуулъя.
Утаа майд угаартахгүйн тулд “Нюанс” хамтлагийн ахлагч М.Амарсанаа хамтлагийнхаа төрсөн өдрөөр зарцуулах мөнгөө таваг хоол, тансаг вискид зарцуулалгүй “Маск аян” өрнүүлж, гэр хороолол дахь сургуулийн сурагчдад маск тараав. Сайн хэрэг. Ганцаараа ч гэсэн уриалсаар нэлээд дэмжигчтэй болсон. Утаан дунд амьдарч буй хүүхдүүдийн амьдралын хүнд хэцүү орчин нөхцөл, бодит байдлыг өөрийн нүдээр харж, цахим ертөнцөөр санаа бодлоо олонтой хуваалцлаа. Болохгүй, бүтэхгүй ажил ч биш юм аа уг нь. Хамгийн гол нь зөв хандлага, олны зөв дэмжлэг чухал байх нь анзаарагдсан.
Тэрбээр өөрийн нүүр номдоо "Өглөөний 10.05 цагийн үед утааны байдал аймар байна. Дамбадаржаагийн ЕБС-ийн Хөтөч 58 сургуулийн өглөө ээлжний хоёр ангид маск тарааж дууслаа. Хүүхдүүд маш хүнд нөхцөлд сурч байна гэдгийг юун түрүүнд эцэг эхчүүд, хүмүүст дуулгая. Нэг ангид гэхэд ганц, хоёр хүүхэд маск зүүж байна!!! Бидэнд нийт 1.512.000 төгрөг цугласнаас 525 ширхэг маск авав. Үүн дээр М.Өлзийорших, Б.Оюун-эрдэнэ нарын гэр бүлээс ирсэн 200 гаруй маск, 200 филтер тарааж дуусгалаа. Дэмжлэг үзүүлж нэгдсэн бүх найзууд, компани, хувь хүмүүст баярлалаа" хэмээн бичсэн байлаа.
Үүнээс санаа авч урлагийнхан ч утааны эсрэг нэгдэж эхэллээ. Энэ мэтчилэн зөв бодолтой нэгнийхээ эхлүүлсэн ажлыг дэмжээд нийтийн болгож өрнүүлэх сэтгэл бидэнд хэрэгтэй байна яг одоо. Ялагдахгүйн тулд саарал тахалын өмнөөс ханцуй шамлая, санааширч суухаа больё, яасан ч байсан уршигт утаанд бууж өгмөөргүй байна. Цагтаа Азийн цагаан өргөө байсан Улаанбаатар минь одоо халтраас халтар утаатай “оромж” боллоо.