Дэлхийд тэргүүлэгч автомашин үйлдвэрлэгчдийн нэг Ниссан компанийн захирал байсан Карлос Госныг шударга бусаар мөнгө завшсан хэрэгт буруутган баривчлан саатуулаад байгаа юм.
Япон улсын прокурорын газар шүүхэд хандан Госны баривчилгааны хугацааг сунгах хүсэлт тавьсныг нь хүлээж авсангүй. Өөрөөр хэлбэл Карлос Госн удахгүй суллагдаж магадгүй тухай мэдээллээ.
Энэ жил 64 настай, нэр хүндтэй эрхэм өнгөрөгч 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш баривчлагдан саатуулагдаад байгаа юм. Госн болон түүний туслах Грег Келли нар 2011-2015 оны хооронд компаниас таван тэрбум иен буюу 44 сая ам.доллар завшсан хэрэгт холбогдсон.
Токио хотын прокурорууд Госн, Келли нарын үйлдсэн хэрэг зөвхөн энэ биш гэдгийг баталж дахин шинэ хэрэг илрүүлсэн. Тэд 2016-2018 оны хооронд дөрвөн тэрбум иен буюу 36 сая ам.доллар шамшигдуулсан байж магадгүй учраас саатуулан хорих хугацааг дахин 10 хоногоор сунгахыг хүсчээ.
Японы шүүх байгууллага прокуроруудын хүсэлтээс татгалзах нь тун ховор үзэгдэл юм байна. Ихэнх тохиолдолд баривчилгааны хугацаа бараг автоматаар сунгагддаг аж. Госн өнөөдөр ч суллагдаж магадгүй юм.
Эх сурвалж: www.aljazeera.com