МАН-ын бага хурлаар УИХ-ын дарга М.Энхболд өөрийн хүсэлтээр ажлаа өгөх нь зүйтэй гэсэн саналыг дэмжсүгэй гэсэн тогтоол гаргахаар төлөвлөж байсан ч бага хурлын ихэнх гишүүдийн эсэргүүцлээр тогтоолоо түр татсан байна. Мөн бага хурлын нилээн хэдэн гишүүн хуралдааныг хаян гарч явсан аж.
Бага хурлын зарим гишүүдийг босон явсаны дараа намын дарга У.Хүрэлсүх: Удирдах зөвлөл хуралдья гэсэн санал гаргаж завсарлага авчээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
- Бага хурал эхний асуудлаа хэлэлцээд дууслаа. Өөрөөр хэлбэл намын даргын илтгэл. Тэгээд санал хураах уу, асуудлыг яаж шийдэх үү гэдэг дээр эцсийн томьёоллыг гаргах байх.
Намын даргын илтгэл дээр нилээн шүүмжлэл гарсан гэсэн. ЖДҮ, 60 тэрбумын асуудал гээд. Гишүүд ямар байр суурьтай байна вэ?
- Янз янзын л байр суурьтай байна. Тухайлбал миний бие тодорхой хэлсэн. УИХ-ын даргыг огцруулах чөлөөлөх эсэх асуудлыг хуулиар л зохицуулдаг. Төрийн эрх барих дээд байгууллагын асуудлыг нам дээр шийдэх нь буруу. Төрийн дээр нам гарсан байна гэж харагдана. 60 тэрбумын асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Дүнгээ гаргаг, түүнтэй холбоотойгоор УИХ дээр нээлттэй хэлэлцүүлэг хийе. Түүний дараа шийд гаргая гэсэн.
ЖДҮ дээр ч гэсэн хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Дүнгээ, шийдээ гаргасны дараа хэрхэн ёс зүйн хариуцлага хүлээлгэх вэ гэдэг асуудал дээр УИХ дахь намын бүлэг шийдвэрээ гаргая. Хугацаатай үүргийг УИХ дахь МАН-ын бүлэг болон Удирдах зөвлөлд бага хурлаас өгье. УИХ-ын дарга, намын дарга нар бас хоорондоо ярилцах ёстой. Тэдэнд ч хугацаа өгөх хэрэгтэй. Ингэж байж ойлголцохгүй бол болохгүй. Дараа нь намын онц их хурал зарлах юм уу, хоёуланд нь хариуцлага тооцох юм уу гэдэг асуудлыг ярих ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Ойлголцох боломж байна уу?
- Бага хурлын гишүүдийн олонхийн саналаар шийд гарах байх. Гэхдээ хамаагүй хууль зөрчсөн шийдвэр гаргаж болохгүй, намыг хагалан бутаргахгүй, намыг хоёр хуваахгүйгээр намын эв нэгдлийг илэрхийлсэн шийд гаргах ёстой. Улс орны эдийн засгийг бодож алсыг харсан том зурагтай шийд гаргах ёстой гэсэн байр суурь илэрхийллээ. Өөрөөр хэлбэл зүрхээ биш тархиа чагнаж шийд гаргаасай гэж хүсэж байна.
Х.Болдмандал даргыг хяналтын хорооны зөвлөлөөс хөөсөн гэж мэдэгдсэн. Мөн 6-7 гишүүнийг хөөх гэж байгаа юм уу?
- Хяналтын Ерөнхий хорооны гишүүдийг МАН-ын их хурлаас сонгодог. Өөрөөр хэлбэл намын их хурлаар шийддэг асуудлыг хяналтын ерөнхий хороо шийдсэн байвал өөрөө намын дүрэм зөрчсөн асуудал болно. Ер нь хууль зөрчсөн асуудлыг намын бага хурлаас шийдэж болохгүй байхгүй юу.