Тоёота Приус автомашин Улаанбаатар хотод яг л Нью-Йоркийн зам дээр дуугарах дуут дохио, тоормозны чимээ шиг бужигнах ажээ. Монголын нийслэл Улаанбаатар хотод Япон үйлдвэрийн автомашинууд нийтлэг. Хэрэв та Сүхбаатарын талбайн нэг буланд зогсоод харвал замаар явж байгаа тээврийн хэрэгслүүдийн тэн хагас нь Приус байх болно.
The Economist сэтгүүл болон худалдааны мэдээллээс харвал өнгөрсөн жил Монголд импортолсон автомашинуудын 60 хувь нь хосолмол хөдөлгүүртэй тээврийн хэрэгслүүд байгаа юм.
Хосолмол хөдөлгүүртэй автомашинууд хямд, ашигтай, шатахуун бага зарцуулна. UB Post сонинд нийтэлснээр өмнө нь ашиглаж байсан хуучин Приус машиныг 2,000 ам.доллараар худалддаг байна.
Япон улсад гурван жилээс дээш унасан автомашиныг аюулгүй байдлын үнэ өртөг ихтэй оношилгоонд оруулах ёстой байдаг. Тиймээс жолооч нар нь шинэ машин худалдаж авахыг илүүд үздэг. 2017 онд Японоос Монгол руу 30,000 ширхэг хосолмол хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл экспортолжээ.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд Засгийн газар хосолмол хөдөлгүүртэй автомашины татварыг хөнгөлдөг. Тус улсын нийслэл өвлийн улиралд дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотод тооцогддог. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хот учраас өвлийн улиралд нүүрс, хөдөлгүүрийн утаа ихэсдэг.
Жолооч нар зарим өглөө цельсийн 30 хэмийн хүйтэнд машинаа асаах хэрэгтэй болно. Дан шатахуун, түлшээр явдаг машин хөлдөх аюултай. Харин Приус цахилгаан хөдөлгүүртэй учраас асаахад илүү хялбар юм.
Эх сурвалж: www.economist.com