Энэ оны хамгийн сүүлийн тэмцээн болох "Мастерс-2018" өнгөрөгч амралтын өдрүүдэд болж өнгөрлөө. Уг тэмцээний дараа дэлхийн чансаа шинэчлэгдэн гарлаа. Олон улсын жүдо бөхийн холбооноос жин тус бүрийн чансааг тэргүүлсэн тамирчдад оны эцэст 50.000$ шагнал гардуулдаг уламжлалтай. Энэхүү шагналыг Монгол бөхчүүд удаа дараа хүртэж байсан хэдий ч энэ жил манай бөхчүүдээс чансаа тэргүүлсэн бөх харамсалтай нь байсангүй. МУГТ М.Уранцэцэг эмэгтэйчүүдийн -48кг жинг сүүлийн жилүүдэд тогтмол тэргүүлж байсан ч энэ удаад дэд байрт орлоо.
Хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумьяа эмэгтэйчүүдийн -57кг жинд 5694 оноотойгоор дэлхийн чансааны 3-т эрэмблэгдлээ. Насанд хүрэгчдийн ангилалд олон улсын жүдо бөхийн холбооны гишүүн 167 орноос наймдугаар байрт эрэмблэгдсэн байна.
Ирэх 2019 он Олимпийн их наадмын өмнөх жил гэдэг утгаараа маш хариуцлагатай жил юм. Монголын жүдочдодоо амжилтын дээдийг хүсэн ерөөж байна.
Жүдо бөх сонирхогчдодоо "үүрээ мэхний бурхад" хэмээх ганган барилдаануудын түүвэр бичлэгийг хүргэж байна. Энд манай Д.Сумьяагийн ганган үүрээнүүд багтжээ.