Нүдний шил зүүхээс төвөгшөөдөг хараа муутай олон хүний сонголт контакт линз байдаг. Зарим эмч мэргэжилтнүүд контакт линз зүүх нь элдэв гаж нөлөөгүй гэж үздэг бол зарим нь нүдний олон өвчний эхлэл болдог гэж тайлбарладаг байна.
Тухайлбал халдвар авах, үрэвсэх, шархлах гэх мэтчилэн. Үүнээс гадна хэрэглэж байсан контакт линзээ зөв устгаж хаях хэрэгтэй тухай Америкийн Химийн нийгэмлэгээс анхааруулсан байна.
Шинэ судалгаагаар Америкийн 45 сая иргэн хэрэглэж байсан линзээ бохир усны хоолой руу урсгаж хаяснаар далайн ёроолын загасыг гэмтээх, цаашлаад далайн амьдралд нөлөөлж байна гэжээ. Америкт зарим иргэд хэрэглэсэн линзээ угаалтуур аль эсвэл суултуур луугаа урсгачихдаг байна.
Эдгээр хаягдал линз муу усны хоолойгоор дамжиж далайн ёроолд унаж, далайн ёроолын өвс ургамал, амьтдаар хооллодог загаснуудыг аюулд оруулах болжээ. Мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар бохир усны хоолойгоор урссан линзнүүд хэд хэдэн хэсэгт хуваагдан микропластик хаягдал үүсгэдэг байна.
Уг хаягдлаар хооллосон загасыг махчин загас идэж, тэдгээр махчин загасыг дараагийн махчин загас идэх гэхчлэн цикл үүсч, улмаар хүний хүнсэнд хэрэглэдэг загаснаас хүртэл линзний үлдэгдэл гарч болох юм байна.
Эх сурвалж: Нью-Йорк таймс