Монголын суут хөгжмийн зохиолч, удирдаач Төрийн шагналт, Ардын Жүжигчин Ж.Чулууны мэндэлсний 90 жил, түүний шилдэг бүтээлүүдийн нэг ”Уран хас” балетыг УДБЭТ-т 2019 оны 01.19-нд дахин толилуулах гэж буй. Уг балетыг тэрбээр 1973 оны 12 дугаар сарын 30-ны өдөр анх олны хүртээл болгож байжээ. Нутаг хошуундаа “Уран” хэмээн алдаршсан Хас болон түүний дурлалт бүсгүй Хандармаагийн амьдралын тухай уг бүжгэн жүжигт өгүүлдэг.
Хас ямар зовлон, бэрхшээл амсдагийг ч харуулсан байдаг. Монголчууд энэ бүжгэн жүжгийн удиртгал хөгжмийг сайн мэддэг. Баяр ёслол, тэр тусмаа шинэ жилийн баярын хамгийн уянгалаг аялгуугаар “Уран хас” балетыг нэрлэдэг. Энэ бүжгэн жүжгийн 40 жилийн ойг тус театр онцгойлон тэмдэглэсэн билээ.
Тэгвэл театрын үе үеийн шилдэг уран бүтээлчид амилуулсан 45 жилийн түүхтэй бүжгэн жүжгийг урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ч.Жамсранжав удирдаж, Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Б.Жамъяндагва дэглэн, ардын зураач Ч.Гунгаажав тайзны зургийг зурж байжээ. Бүжгэн жүжгийн гол дүр болох Хасд Д.Батхүрэл, Хандармаад Ю.Цэрмаа нар тоглосон түүхтэй.