Дэлхийн хүн төрөлхтөн урьд өмнөхөөсөө ч илүү ганцаардаж, ганцаардал гэх сэтгэлзүйн илэрхийлэл улам бүр нэмэгдсээр байгаа тухай мэдээлэл бий. Хүн бага залуугаас өтлөх хүртлээ гурван насанд ганцаардлыг хамгийн их мэдэрдэг гэдгийг саяхны судалгаагаар танилцуулжээ.
Хүний хамгийн их ганцаарддаг гурван нас нь 20, 50, 80 гэнэ. Ганцаардана гэдэг нь орь ганцаараа байдаг, найз нөхөдгүй гэсэн үг биш гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Энэ бол хувь хүний сэтгэлзүйн гутралын нэг төрөл юм.
Судалгаанд Сан Диего хотын 27-101 настай 340 иргэн оролцсон. Яагаад бид 20 насандаа ганцаарддаг вэ гэсэн асуултанд судлаачид “хүмүүс 20 нас өнгөрөөд амьдралынхаа гол шийдвэрийг гаргах хэрэгтэй болдог. Илүү сайн шийдвэр гаргахын тулд стресстэж эхэлснээр ганцаардаж эхэлдэг” гэж хариулжээ.
Тэгвэл 50 нас гараад дахин гүн хямарч эхэлдэг байна. Энэ насанд чихрийн шижин, зүрх судасны өвчин зэрэг эрүүл мэндийн асуудлууд тулгарах нь элбэг. Зарим найзуудаа алдах нь ч бий. Яг л энэ үед хүмүүс амьдрал мөнх биш гэдгийг анх удаа нухацтай ойлгож, энэ талаар бодож эхэлдэг байна.
80 нас бол азын нас. Хэрэв та энэ насандаа эсэн мэнд байвал урт насалж, буянаа эдэлж байгаагийн хэрэг. Гэхдээ бүх зүйл улам бүр муудсаар л байдаг. Эрүүл мэнд, эд хөрөнгийн бэрхшээл, гэр бүл, найз нөхдийн үхэл хагацал зэрэгтэй нүүр тулах амьдралын хүнд үе тул ганцаардал дахин айлчилдаг гэнэ.
Судалгааны дүнд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ганцаардлын түвшин ижил байгааг, эрүүл мэндийн байдал доройтоход ганцаардал улам нэмэгддэгийг олж мэджээ. Хэт их ганцаардсан хүмүүсийн дунд амиа егүүтгэх оролдлого ихэсдэг. Тиймээс эрдэмтэн судлаачид ганцаардлаас хэрхэн ангижирах, хэрхэн бууруулах тал дээр илүү нарийн судалгаа хийж, үр дүнтэй арга зам олох хэрэгтэй гэжээ.
Эх сурвалж: www.cnn.com