Эмэгтэйчүүдийн цанын уралдааны ДАШТ энэ сарын 28-29-ний өдрүүдэд Австри улсын Семмеринг баазад болно. Гэвч тэмцээний сурталчилгааны постер дээрх зураг ихээхэн шүүмжлэл дагуулаад байна.
Уран бүтээлч Кристиан Людвик Аттерсигийн зурсан нүцгэн эмэгтэй цанаар гулгаж байгаад унахдаа амьтдын толгойг шонд зоон, нүдтэй сар эмэгтэйн хөлний дундуур харж буй зураг ДАШТ-ий постерт тохирсонгүй гэх маргаан гарчээ. Гэвч уран бүтээлч урьд өмнөх жилүүдийн постерыг үүнтэй төстэй, нэг хэв маягаар зурахад маргаан гараагүй мөртлөө энэ жил шүүмжлэлд өртсөн байна.
Энэ нь өнгөрсөн жилээс хойш эмэгтэйчүүдийг бэлгийн хүчирхийллээс хамгаалах хөдлөгөөн дэлхий даяар өргөн хүрээг хамарч өрнөснөөс үүдэлтэй гэж тайлбарлажээ. Нэн ялангуяа Австри, Германы цанын эмэгтэй тамирчид бэлгийн хүчирхийлэлд өртөж байснаа ил тодоор илэрхийлсэн.
16 настай байхдаа хүчирхийлэлд өртсөн Австрийн цаначин Никола Верденигг энэ жилийн ДАШТ-ий постерыг хурцаар шүүмжилж буй хүмүүсийн нэг юм. “Цасан дээр нүцгэн унаж байгаа эмэгтэй Дэлхийн аваргын тэмцээний сурталчилгаанд тохирохгүй” гэж Твиттер хуудсандаа жиргэжээ.
Харин уран бүтээлч Кристиан Людвик өөрийнхөө дүрслэлийг эмэгтэйчүүдийн хүчирхэг, бие даасан, өөртөө итгэлтэй байдлыг эергээр, урлагийн хэлээр харуулсан хэмээн тайларлажээ.
Эх сурвалж: www.bbc.com