Нью-Йорк мужийн Ерөнхий прокурор Барбара Андервүд Трамп сангийн үйл ажиллагааг нягтлан шалгасны үндсэн дээр хаахаар болсон тухай мэдэгдлээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний гурван том хүүхэд сангийн хөрөнгийг хувьдаа ашигласан гэжээ.
Мужийн Ерөнхий Ерөнхий прокурорын газар сангийн үлдсэн мөнгийг захиран зарцуулах эрхийг авчээ. Гэвч Трампын сангийн хуульч Ерөнхий прокурорын энэ үйлдлийг улс төрийн зорилготой гэж үзэж байна.
Эх сурвалжийн мэдээлснээр энэ хэрэг Трамп болон түүний гэр бүлтэй холбоотой хууль зөрчсөн үйлдлүүдийн зөвхөн ганц нь гэжээ. Трампын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажилтай холбоотой хэргүүд одоог хүртэл яригдсаар байна.
Ерөнхий прокурор Андервүд “Трамп сангийнхаа мөнгийг хувьдаа завшаад зогсохгүй сонгуулийн өмнөх кампанит ажилд хэрэглэсэн. Хууль хүн бүрт тэгш үйлчилдэг гэдгийг харуулсан чухал ялалт боллоо” хэмээн ярьжээ. Ерөнхийлөгч Трамп болон түүний хүүхдүүд албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
Сангийн хуульч Ален Футерфасын хэлснээр “өнгөрсөн 10 жилд 19 сая ам.долларыг Трампын санд байршуулсан. Үүний 8,25 сая ам.долларыг Ерөнхийлөгч өөрөө хандивласан. Нийт 700 гаруй хандивын байгууллагуудад тусламж үзүүлсэн. Нью-Йоркийн Ерөнхий прокурорын гүтгэлэг улс төрийн явуулга мөн” гэжээ.
Эх сурвалж: www.bbc.com