Попера урсгалаар Монголдоо анх дуулсан хамтлаг бол "Нюанс". Энэ төрлөөр тэд Монголын хөгжмийн ертөнцөд хэдийнэ өөрсдийн байр сууриа олжээ. Байр сууриа ч олохын тулд чамгүй олон, чанартай уран бүтээл хийж байв. Хамтлагийн залуус монголынхоо үзэгчдэд төдийгүй гадаадад зохиогдсон олон улсын чанартай фестиваль арга хэмжээнд амжилттай оролцож монголын сонгодог урлаг тэр дундаа попера урсгалыг сурталчлах үйлсэд хувь нэмрээ оруулсаар яваа.
“Нюанс” хамтлаг урын сан, уран бүтээлдээ дэлхийн сонгодог бүтээлүүд болоод дэлхийн алдартай поп болон попера дуунуудыг Франц, Итали, Испани, Орос, Англи, Хятад, Герман хэл дээр дуулдагаараа бусад хамтлаг, дуучдаас өөрийн гэсэн өнгө аясаараа ялгардаг онцлогтой. Үзэгч, сонсогчдод сонгодог урлагийн гайхамшгийг мэдрүүлдэг “Нюанс” хамтлаг 17 нас хүрсний төрсөн өдөр өчигдөр тохиожээ. 2001 оны МУГЖ Г.Эрдэнэбат УДБЭТ-ын шинэ жилийн баяр дээр “Нюанс” хамтлаг хэмээн албан ёсоор зарласан гэдэг.
Тэр ч утгаараа 12 сарын 17-ныг “Нюанс” хамтлагийн байгуулагдсан өдөр хэмээн үздэг байна. Тэд “Бидний бүх зүйл цав цагаан цаас шиг эхэлж байлаа. Хамтлагийн нэр сонгох сонголт 12 сарын 17-ноос хойш удалгүй шийдэгдэж бид "Нюанс" хэмээн нэрлэж байв” хэмээн дурсан өгүүлжээ. Тэд хамтлагийнхаа төрсөн өдөртөө зарцуулах мөнгөө олны төлөө нийгэм рүү чиглэсэн сайн үйлсэд зориулахаар шийдэж "Маск аян" өрнүүлсэн юм. Хамтлагийнхаа төрсөн өдрөөр М.Амарсанаа “Хамтлагийнхаа эрхэм уран бүтээлч залуустаа ойн баярын мэндийг хүргэе. Хамтдаа байсан он жил, цаг хугацаа, хором бүхэн бидэнд маш үнэ цэнэтэй бас маш их зүйлийг сургаж, төлөвшүүлж, бүтээж, бүтээлцэж ирсэн билээ.
УДБЭТ-ын түүх, бүтээл арвинтай урлагийн алтан тайзнаас салбарлан гарч бид 17 нас хүрэв. Дуулах эрдэмд сургасан эгэлгүй эрхэм багш дор мөргөе.” Нюанс” хамтлагийн анхны үнэнч дэмжигч МУГЖ Г. Эрдэнэбат, Д.Баатар, Б.Коля, МУГЖ Ц.Төвшинтөгс, Ч.Ганхуяг ах нартаа болоод Р. Сарангэрэл эгчдээ мөн биднийг үргэлж дэмжиж, урам хайрладаг эрхэм найз нөхөд, ах, эгч, үнэнч үзэгч сонсогчдод баярлаж талархсанаа илэрхийлье” хэмээн бичжээ.