АНУ-ын Зэвсэгт хүчнээс долоо хоногийн эхэнд мэдээлснээр өнгөрсөн амралтын өдрүүдэд Сомалийн Аль Шабаб зэвсэгт бүлгийнхний эсрэг агаараас зургаан удаа цохилт өгсөн гэжээ.
Сомалийн нийслэл Могадишу хотын өмнөд эрэгт байрлаж байсан Исламын хэт даврагсдын эсрэг агаарын цохилтын үеэр зэвсэгт бүлгийн 62 хүн амиа алдсан байна. Энгийн иргэдэд гарз хохирол учруулаагүй гэжээ.
2017 онд Америкийн нисэх хүчин Аль Шабабын эсрэг 31 удаа цохилт өгсөн болж энэ онд 48 удаа цохилт өгсөн байна. Исламын хэт даврагсдын эсрэг дайралт нь тэднийг халдлага үйлдэхээс сэргийлэх зорилготой гэжээ.
Аль Шабаб бүлгийнхэн Сомалийн өмнөд нутгийн алслагдсан бүсэд хяналтаа тогтоосон. Тус бүлэг Аль Кайдагийн арга барилаар үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. 2017 онд зэвсэгт бүлгийн амиа золиослогчид 500 хүний аминд хүрчээ.
АНУ-ын Сомали дахь элчин сайдын яам 30 гаруй жилийн турш хаалттай байсан ч саяхнаас дипломат үйл ажиллагаагаа дахин сэргээсэн байна.
Эх сурвалж: www.washingtonpost.com