Дэлхийд чансаагаараа шилдэг дөрөвт зүй ёсоор багтдаг, 66 жилийн түүхтэй “Мисс Юниверс” гоо бүсгүй шалгаруулах тэмцээн ялагчаа тодрууллаа. 2018 оны “Мисс Юниверс” буюу Орчлонгийн сайхан бүсгүйгээр Филиппин улсын гоо бүсгүй Катриона Грэй шалгарч 94 орны гоо бүсгүйгээс авьяас чадвар, гоо үзэсгэлэн, ур ухаанаараа ялгарсан байна.
Тайланд улсын нийслэл Бангкок хотод болж өнгөрсөн гоо бүсгүйн титэм гардуулах ёслолыг дэлхийн зуу гаруй оронд шууд дамжуулан, хагас тэрбум хүн үзэж сонирхсон юм. 67 дахь наадмын ялагч Катриона Грэй 24 настай, Филиппин-Австралийн иргэн бөгөөд “Мисс Юниверс”-ын тэргүүн байрын титмийн эзэн болсон Филиппин улсын дөрөв дэх гоо бүсгүй болж байна.
Ялагчийн нэрийг зарлах сүүлийн мөчид Филиппиний гоо бүсгүйтэй хамт Өмнөд Африкийн гоо бүсгүй Дэми Лэй Нэль Петерс үлджээ. Мөн тэмцээний гуравдугаар байранд Венесуэлийн гоо бүсгүй Стефани Гутиеррез шалгарсан байна. 2018 оны “Мисс Юниверс” наадмыг зохион байгуулагч орон Тайландын гоо бүсгүй эхний 10 байранд багтсан юм.
Энэ жилийн наадамд анх удаа Испани улсаас трансжендер гоо бүсгүй Анжела Понс өрсөлдсөнөөрөө түүхэнд бичигдсэн. Тэрээр “би жаахан байхаасаа л гоо бүсгүйн наадамд оролцохыг хүсдэг байсан. Транс бүсгүйчүүд бусад эмэгтэйчүүдийн адил багш, ээж, эмч, улс төрч, гоо бүсгүй ч болж чадна гэдгийг харуулахыг хүссэн” гэжээ. Тэмцээний дүрэм ёсоор Испаниас ирсэн трансжендер гоо бүсгүй шилдэг 20 байранд шалгараагүй.
Монгол улс анх удаа Орчлонгийн сайхан бүсгүйн наадмыг эх орондоо зохион байгуулж үндэсний ялагчаа тодруулж Дэлгэржавын Долгион улсаа төлөөлөн “Мисс Юниверс-2018”-д оролцсон юм.
Эх сурвалж: www.cnn.com