Амьд явахад алтан аяганаас ус ууна гэж монголчууд сургадаг. Хөгшин Европын олон зуун жилийн түүхтэй, эртний шилтгээнд хоног тааруулж, тухална чинээ бодож явсангүй. Монголчууд бидэнд үзмэр болсон хөшөө дурсгал, сүм хийд байхаас шинэчлэн засварлаад орчин цагийн таван одтой буудал болгосон нь үгүй учир шинэ сонин сэтгэгдэл төрөх нь гарцаагүй аж. Ямар сайндаа мөрдөх ёс заншлыг нь мэдэхгүйгээс шилтгээн дотор тамхи татаж хатуу бангадуулж байх вэ. Энэхүү шилтгээн түүхэндээ хоёр удаа галд өртөж байсан учир бүхэлдээ тамхигүй, онцгой бүс болгосон байна.
Үүнийг дэлгэрэнгүй эс өгүүлэн цааш өгүүлвээс сайн нөхрийн буянаар Чех улсын Бранна хотын “Chateau Goldenstein” хэмээх 500 жилийн түүхтэй шилтгээнд хоёр хонох завшаан тохиосон ба тухлаад боджээ байхад европчуудын хуучны өв соёлдоо хэрхэн ханддаг, хэрхэн авч явдгийг харж бахдан, энэ талаар эх орон нэгтнүүддээ санаа аваасай гэж бодсоны үүднээс үзэг, цаас нийлүүлж сууна.
Авах хүнд нэг үг эрдэнэ гэдэг дээ.
Энэхүү шилтгээнийг Петр хэмээх монгол найз нөхөр олонтой, Монголд элгэмсэг гэж туйлгүй, Монгол оронд жилд хэд хэдэн удаа ирдэг эрхэм хүн эзэмшдэг аж. Шилтгээний гадаа нь очиход “Ланд-200” угтсан ба Европ даяар ховорхон харагдах энэхүү “нүсэр” унааг хараад танимхайрсан ч сүүлд учрыг сонсвоос “Тийм байх аа” хэмээн уулга алдсан юм. Хөхөө өвлийн хүйтнээр Монголд ирж байсан Петр “Ланд-200” унааны тохь тух, туулах чадвар өндөртэйг шагшиж шагшиж, нутагтаа ирэнгүүтээ нэгийг авч унан санаагаа амраажээ.
Тэрээр хоёр шилтгээн, нэг зочид буудал эзэмшдэг. Хоёр шилтгээн нь хоорондоо хөөрхөн зайтай, хөдөө шахуу газар байдаг учир туулах чадвар сайтай машиныг сонгосон учиртай юмсанж. Мөн тэрбээр ан гөрөөнд дуртай нэгэн ба хэд хэдэн ой түрээслэдэг учир “Ланд” аргагүй л сайн нөхөр нь болжээ.
Петр оросоор сайн ярьдаг учир түүнтэй ойлголцоход бидэнд хэцүү биш байлаа. Ер нь зарим чех хүн оросоор муугүй ярьдаг нь бидэнд дотно сайхан сэтгэгдэл төрүүлсэн.
Арван жилийн өмнө Петр энэхүү эртний шилтгээнийг худалдан авчээ. Худалдаж авах үеийн зургуудыг ханын самбартаа үзмэр болгон харуулсан нь үйлчлүүлэгчдэд онцгой сэтгэгдэл төрүүлдэг нь илт. Ер нь өмнө ба одоогийн зургийг харьцуулж үзэж гэмээнэ утга учрыг нь ойлгох юм билээ.
Дундад зууны үеийн хүлэг баатрууд (рыцарь)-ын танхимд хөл тавихад өөрийн эрхгүй хүндэтгэх сэтгэл төрөх ба өмнө нь нурж унах дөхсөн хана туургатай, шалгүй, шалны оронд олон он элээсэн овоолсон шороо байсан гэхэд нэг л итгэмгүй. Буудлын өрөөнүүд нь нэн тохилог бөгөөд хуучны хэв маягийг илтгэх цэвэр модон тавилгууд, шармал гэрлийн бүрхүүл, хүрэн бор шал, модон хүрээтэй цонхтой байгаагийн оронд хөндий хоосон өрөө, хэдэн зуун жилийн тоос шороо бүрхсэн шавар тоосго байсан гэхэд мөн л итгэх аргагүй. Петр энэхүү шинэчлэлд таван жилийг зарцуулжээ. Чамгүй хөрөнгө оруулалт хийсэн нь дамжиггүй.
Одоо энд хурим найр өрнөж, өндөр дээд зочид төлөөлөгчид хуран цуглаж, хуучны бүхнийг орчин цагт дурсах инээд хөөр тасрахгүй байх аж.
Петр хэд хэдэн ой түрээсэлдэг гэж дээр дурдсан. Чех улсын төрийн өмчит компани ойн түрээс, ан амьтны тоо толгойн тэнцвэртэй байдлыг хангаж ажилладаг ба үүний дагуу Петр гурван ойг “эзэмшдэг” аж. Бранна хотын ойн аж ахуй нь 200 жилийн баялаг түүхтэй.
Чехэд ойн ан амьтныг агнах бүрэн эрхтэй ч зарим төрлийн ангаас сорчилж агнадаг нь зарим монгол анчдад сонин байж магадгүй. Тус ойгуудаас зөвхөн буга болон зэрлэг гахай агнаж болно. Гэхдээ эр буга болохгүй. Зөвхөн согоо агнана. Мэгж агнаж болохгүй. Бусдыг нь зөвшөөрнө гэсэн хатуу дүрэмтэй аж. Өөр бусад төрлийн ангийн талаар бодох ч хэрэггүй. Үргээлгээр хэрэв гөрөөс гарч ирвэл (Гөрөөс ихтэй юм билээ.Сур) буудах хориотой. Гөрөөсийг зөвхөн араас нь хөөж, мөшгиж агнахыг зөвшөөрдөг юм билээ.
“Он дуусахаас өмнө би энэ ойн 12 согоог агнах ёстой. Хэрэв агнахгүй бол торгуулина” Петр хэлсэн. Сүүлд нэгэн монгол хүний тайлбарласнаар согоо нь нялх модны оройг тасдаж иддэг, нэг жилд ойд 2000 евротой тэнцэх хохирол учруулдаг учир түүний тоо толгойг зохистой түвшинд барьж байх бодлого баримталдаг аж. Зэрлэг гахайн мэгжийг нь (том биетэй гээд.Сур), өсөж үржиг гэсэн сэтгэлээр амьтны эрийг “авах”-ыг эрмэлздэг монголчуудад энэ бодлого ойлгоход бэрхтэй байх нь аргагүй юм.
Эртний шилтгээнийг шинэчилсэн амжилтандаа урамшсан тэрбээр 14 дүгээр зуунд суурь нь тавигдсан бас нэгэн шилтгээнийг саяхан худалдаж авчээ. Шилтгээнээ тойроод цэцэрлэгт хүрээлэнтэй, хүрээлэн нь агуй болон хүрхрээтэй гэсэн. Сэргэн мандалтын үеийн /Ренессанс/ энэхүү шилтгээнээ одоогоор засварлаж амжаагүй ч “Chateau Goldenstein” шиг таван одтой зочид буудал, ресторан болгоно гэснийг дуулаад эзний бизнесийн овсгоо, алсын харааг уулга алдан шагшихаас өөр аргагүй.
Энэ бүхнийг хараад бид хуучны дурсгал, байшин барилгадаа хэрхэн ханддаг билээ гэж өөрийн эрхгүй харьцуулж бодсон.
“Чойжин ламын музей” их засварт орохоо хүлээн, Засгийн газраас “төсөв мөнгөгүй” гэдэг шалтгаанаар хүлээлтийн байдалтай байгааг хүн бүр мэднэ. Улаанбаатар хотын түүхэн дурсгалт 11 байшингийн нэг, Ерөнхий сайд агсан Ц.Жигжиджавын байшингийн эзэмшигч дээр нь нэмж байшин барьсан эмгэнэлт явдал саяхан гараад байгаа. Бид түүхийн дурсгалдаа ингэж хандаж байна. Харин тэд ийн шинэчлэн авч явдаг аж.