Монгол улсын даян мэргэн Д.Эрдэнэтуяа нум эвшээлгэн сум тавьж эхэлснээс хойш олон жил өнгөрч олон ч наадам үдсэн туршлагатай харваач. Тэрбээр сурын алтан зурхай дээр харваатай нөхөрлөөд 32, улсын наадамд цэц сориод 28 дахь жилийнхээ нүүрийг үзэж буй. Д.Эрдэнэтуяа мэргэн удам дамжсан харваач.
Түүний ээж С.Долгормаа улсын даян мэргэн цолтой. Охиноо үндэсний сурын харваагаар хичээллэхэд нь дэмжиж амжилтыг нь наадамчин олонтой хамт хуваалцсаар ирсэн ээж нь өөрийнх нь хүртсэн даян мэргэн цол хүртэхэд ихэд баярлан охиноо баярын нулимстай угтсан гэдэг. Үндэсний сурын харваачид дунд нум, сум сайхан урладаг мэргэн олон бий. Тэдний нэг Даяар дуурсах мэргэн Ж.Баттөмөр. Даян мэргэн маань Ж.Баттөмөр мэргэний урласан нумаар сур харвадаг.
Сонирхуулахад 2007 оны улсын их баяр наадмын үндэсний сурын харваанд Даяар дуурсах мэргэн Ж.Баттөмөр гурав дахь, харин Д.Эрдэнэтуяа хоёр дахиа түрүүлж Даян мэргэн цол хүртсэн гэдэг. Тэр жил нумыг нь урласан, нумаа урлуулсан хоёр ийн сурын алтан зурхай дээрээс цол хүртсэн сонирхолтой түүх болон үлдсэн байдаг. Тэгвэл даян мэргэн Д.Эрдэнэтуяа өөрийн гарын шавь нараа бэлтгэхээр үндэсний сур харвааны клуб нээж “Очирваань” хэмээн нэрлэжээ. Түүнийг Завхан нутгийнхаа шүтээн хайрханаар клубээ нэрлэн нээсэнд мэргэчүүд ихэд бэлгэшээн баярыг нь хуваалцан мялаажээ.