Японы найруулагч Хаяао Миязакийн бүтээсэн “Миний хөрш Тоторо” хүүхэлдэйн кино 30 жилийн өмнө үзэгчдийн хүртээл болжээ. “Студио Гибли”-ийн олны хүртээл болгосон хүүхэлдэйн кино 30 жилийн дараа анх удаа Хятадад албан ёсны эрхтэйгээр нээлтээ хийсэн байна.
Хэдийгээр Хятадын иргэд энэ хүүхэлдэйг интернэт, DVD-ээр аль хэдий нь үзсэн ч кино театруудад тасалбар нь зарагдсаар байгаа юм. Хятадын цахим сүлжээ Weibo-д “би Тоторог өмнө нь DVD-ээр үзсэн, гэхдээ нээлтийн өдрийг нь тэсэн ядан хүлээж байна” гэж үзэгч бичжээ. Өөр нэг хүн “би Тоторог үзээд эргээд хүүхэд насандаа очсон мэт санагдаж байна” гэж сэтгэгдлээ хуваалцсан байна.
“Хятадад албан ёсны эрхтэй кино бүтээл нээлтээ хийж олон нийтэд хүргэнэ гэдэг улс төрчдийн зөвшөөрлөөр шийдэгддэг. Хятад-Японы харилцаа илт сайжирснаар хамтын ажиллагаа ч мөн хүрээгээ тэлж байна” гэж Өмнөд Калифорнийн их сургуулийн Зүүн Ази судлалын төвийн захирал Стэнли Розен тайлбарлажээ.
Японы арми 1931 онд Хятадад ирж, 1945 онд дайн дуусах хүртэл олон хүн амь насаа алдсан. Тоторогийн найруулагч Хаяао Миязаки Японы дайны үеийн бодлогыг ил тодоор шүүмжлэгчдийн нэг гэдэгт Хятадууд таатай ханддаг байна.
“Миний хөрш Тоторо” Япончуудын хайртай хүүхэлдэйн кино юм. Гараар зурсан уг бүтээлд ямар нэг муу талын дүр, дайн тулаан гардаггүйгээрээ онцлог. Эгч дүү Сацуки, Мэй нар эмнэлэгт хэвтсэн ээжийгээ эргэхээр адал явдалтай аялалд гарна. “Студио Гибли” 2020 онд Тотород зориулсан цэцэрлэгт хүрээлэн барихаар болжээ.
Эх сурвалж: www.bbc.com