Өмнөд Солонгосын гоо сайхны бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны зурагтай нүүрний тэжээлийн маск худалдаанд гаргажээ. Өнгөрсөн зуны зургадугаар сараас хойш худалдаалагдаж эхэлсэн тэжээлийн маск 25,000 ширхэг борлогдсон байна.
Гэсэн хэдий ч зарим дэлгүүр, худалдааны газрууд уг маскийг борлуулахаас татгалзжээ. Үйлдвэрлэгч компани Умард Солонгосын удирдагчийн зургийг ашиглахдаа хуулийн дагуу зөвшөөрөл авсан эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Нөгөө талаар саяхнаас харилцаа холбоо тогтоох гэж оролдож байгаа хоёр Солонгосын харилцаанд сэв суулгаж болзошгүй нөхцөл байдал үүсчээ.
Өмнөд Солонгосын “5149” гоо сайхны компани “цөмийн маск”-ыг нүүрний арьсанд тэжээл өгөх зорилготой үйлдвэрлэсэн байна. Маскны сурталчилгаанд Паекту уулын эрдэст усаар баяжуулсан гэжээ.
“5149” компанийн гүйцэтгэх захирал Квак Хён Жугийн хэлснээр “уг маскийг энэ оны эхэнд болсон АНУ, хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтанд зориулж үйлдвэрлэсэн” гэсэн байна. 4,000 вон буюу 9,000 төгрөгийн үнэтэй зарагдаж байгаа цөмийн маскны зургийг Өмнөд Солонгосчууд сошиалд нийтэлжээ.
Эх сурвалж: www.bbc.com